Гацууртын ордын 300 га талбайд олборлолт хийнэ. Энэ ордоос олборлосон алтыг зөвхөн Монголбанкинд тушаахаар хоёр тал тохиролцсон байна. Олборлолттой холбоотой бүх ажил хууль ёсны дагуу хийгдэнэ гэж Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэллээ.
Сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Дорнодын газрын тосны 19 дүгээр талбайд олборлолт хийж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” компани Газрын тосны тухай хуульд тусгасан нөөц ашигласны төлбөр 5-15 хувийг төлөхгүй гэж Арбитрын шүүхэд хандахаар болсон тухай мэдээлээд байгаа. Үүнд Газрын тосны газрын дарга тайлбар өгсөн юм.
Мөн өчигдөр “Ил тод уул уурхайн цаг”-аар өгсөн бас нэг онцлох мэдээлэл нь нүүрсний экспортыг дэмжих цогц арга хэмжээний тухай байлаа. Засгийн газрын энэ сарын эхний хуралдаанаар гадаадын зах зээлд борлуулсан нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээс тооцож авах тухай тогтоол, мөн Гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг бууруулахаар болоод байгаа юм. Энэ нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд сайн нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна.