Цагтаа “Шуранхай” хамтлагийн сор нь явсан МУГЖ С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг хоолойн цар хүрээтэй сайн дуучнаас гадна айлын сайн эзэгтэй гэгддэг. Монгол ёс заншил, ахуй соёлоо хамгаас илүү дээдэлж монгол хувцсаараа гоёж яваа түүгээр бахархах хүн олон байдаг. Энэ ч утгаараа эмэгтэй хүн юу хийж чадах ёстой юм, тэр бүгдийг хийж сурсан гэдэгтээ итгэлтэй байдаг хэмээсэн. Тэгвэл дуучин бүсгүй маань будмал бүсгүйчүүдэд хандаж зөвлөгөө хэлжээ.
Тэрээр хэлэхдээ: “Хүн өөртөө таалагдаж байх ёстой. Би огт буддаггүйбиш л дээ. Арьсаа арчилна, жаахан тодотгох юм байна. Надад өөрт хэтэрхий их будчихсан Эрдэнэчимэг таалагддаггүй. Хааяа манай дүү нар ямар нэг арга хэмжээнд явах болоход намайг будаж өгдөг. Тааруулаад бага будна шүү гээд л будуулдаг.
Найзуудтайгаа хамт хааяа гоо сайханд орно. Хамгийн эцсийн үр дүн нь би хэн нэгэнд таалагдах биш, би энэ биеэ ямар байлгавал надад тухтай, би өөртөө итгэлтэй байна гэдгээ л бодох хэрэгтэй.
Магадгүй нүүрээ маш тод будчихаад тэгсэн мөртлөө сэтгэл дотроо өөртөө итгэлгүй хүн байж болно шүү дээ. Тэгэхээр тэр хүн нүүрнийхээ будгийг дүүргэхёстой юу? Сэтгэлээ дүүргэх ёстой юу гэдгийг л маш сайн анзаарах хэрэгтэй юм шиг санагддаг.
Нүүр будалтыг өөртөө итгэх итгэл болгож байж ч болно. Тэр итгэл бол нүүрнээс биш дотроосоо, сэтгэлээс, цээжнийх нь гүнд байгаасай гэж бодож, тэр тал дээр өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг” хэмээн ярьжээ.