Архангай аймгийн хөдөлмөрийн хэлтэс энэ онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийнхээ нээлтийг хийж иргэдэд мэдээлэл түгээлээ. Төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг илүүтэй хөгжүүлэхээ аймгийн удирдлагууд хэлж байлаа.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсанаар Архангай аймагт 7 хөтөлбөр, 1 төсөл арга хэмжээ энэ онд хэрэгжих юм.
Төсөл хөтбөлбөрт хамрагдах хүсэлтэй маш олон иргэд төслийн шаардлага, банкны шалгуурт тэнцээгүйгээсээ болж хувийн бизнесээ өргөжүүлэх боломж нь хумигддаг. Тэгвэл ажлын байр нэмэгдүүлж, иргэдийг орлоготой болгоход жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах цаг нь болсныг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат ярьж байлаа.
2016 онд ажлын байрыг нэмэгдүүлэх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй жил болгон зарласантай уялдаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн тэгш боломж олгох улмаар төсөл хөтөлбөрт хүртээмжтэй хамруулах зэрэг бодлогыг орон нутгаас баримталж байна.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд иргэдийг түр болоод байнгын ажилтай болгосон тоогоороо аймгийн хөдөлмөрийн хэлтэс улсдаа эхний гурван байрт тогтмол орж байжээ. Дээрх төсөл хөтөлбөрийн төслийг иргэдээс энэ сарын 24-өөс гуравдугаар сарын 16-ыг хүртэл аймгийн хөдөлмөрийн хэлтэс дээр хүлээн авч байгаа юм.
Төсөлд хамрагдаж өрхийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх иргэдийн санаачлага энэ жилийн хувьд их байгааг хөдөлмөрийн хэлтсээс бидэнд хэлж байлаа.
А.Мандуул