Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж Бундесрат буюу Холбооны Зөвлөлийн Тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга ноён Гэрд Шмиттэй уулзаж, монгол, германы хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар болон хоёр улсын визийн дэглэмд гарах гэж байгаа зарим өөрчлөлтийн талаар санал солилцов.
Элчин сайд юуны өмнө Монгол Улсын улс төр, нийгэм-эдийн засгийн өнөөгийн байдлын тухай мэдээлэл өгч, хоёр орны дээд хэмжээний айлчлалын үеэр ярилцаж, тохиролцсон асуудлуудыг богино хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэв. Ялангуяа энэ оны 5 дугаар сард байгуулсан “Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визнээс чөлөөлөх тухай“ Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Холбооны зөвлөлийн дэмжлэг хэрэгтэй байгааг дурьдав.
Төрийн нарийн бичгийн дарга ноён Гэрд Шмитт Холбооны Засгийн газраас энэхүү асуудлыг ойрын үед авч, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, энэ шийдвэр гарах хуралдаанд элчин сайдыг ирж оролцохыг урив.