Зохиолч, яруу найрагч Б.Ойдов өнөөдөр тохиож буй “Эх орончдын өдөр”-т зориулан эх оронч, Шадар ван Чингүнжавд нэгэн шүлэг зориулан бичжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн энэ өдөр “Босоо хөх Монгол” бүлгэмийн хүсэлтээр Чингисийн талбайд “Төрөөс төрсөн тэрбумтан” шүлгээ уншиж байсан юм. Б.Ойдов нь “Эрх танхай нүргэлээн”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Монголын цуутай нударган тулаанчид”, “Айн Жалудын цавчилдаан” зэрэг 30 гаруй ном бичсэн байдаг.
Чингүнжав нь манай баатар
Цэнгүнжав нь манжийн баатар
“Өмнөд хөршид тамлуулж үхдэг
Өө, нөгөө хэн билээ дээ, байз
Цэнгүнжав билүү, Чингүнжав билүү…” гэж
Цэцэрхэж суугаа бандийг хараад
Тэнэг, цэцэн хоёрын хооронд
Тэмээ, ямаа шиг зөрүү байдгийг
Чингүнжав, Цэнгүнжав хоёрын хооронд
Тэсвэрлэхийн аргагүй зөрчил байдгийг
Бэсрэгхэн жаалуудад мэдрүүлж өгөхөөр
Бийр бэхсээ шүүрч авлаа!
Хотол олны шүтээн болсон
Хотгойдын ван Чингүнжав болбоос
Хоморгон шөнөөр унтах ч нойргүй
Хоромсого, саадаг эвхэх ч завгүй
Эзлэн түрэмгийлэгчдийн зэрэг хэргэмээр
Энгэр заам, толгойгоо хулдалгүй
Эрс шийдэмгий зоримог зангаараа
Эзэрхэг Манжид биеэ худалдалгүй
Эрэлхэг тэмцлийн галыг асааж
Эрх чөлөөний салхийг хагалсан хүн!
Тэгтэл Цэнгүнжав хэнсэн билээ?
Тэр гэх өөрийн үзэлгүй
Тэрсэлж босохын зовлон ч амсалгүй
Тэмцэл, ялалтын уухайг ч мэдрэлгүй
Урвах шарвахын сонгодог залиар
Удам залгасан бэйс зэргэмжээр
Уршигт манжуудын таалалд нийцэж
Улиастайн жанжнаар тохоон томилогдоод
Улс амьтныг улдуулж зүдрээхээс өөр
Унхиатай хэрэг үйлдэж яваагүй хүн!
Аяа манай Чингүнжав болбоос
Алтан ургийн Гэрсэнз Жалайр хунтайжийн удам
Аа, харин Цэнгүнжав болбоос
Арга зальт Манжийн хүргэн Эфү Цэрэнгийн хүү
Чин үнэнийг цэцлэн хэлэхэд
Чин, Цэн хоёрыг бүү эндүүр!
Чингүнжав нь манай баатар
Цэнгүнжав нь Манжийн баатар!
Хүний хайлан, “зүрхний хилэн”
Хүчирхэг жанжин Чингүнжав болбоос
Хөрс муутай ядруухан тэмцлээр
Хүсэл, хяслын даажин хийгээгүй
Сэг сүүдрийн буг болоогүй
Сэтгэл, оюунаа хээр хаяагүй
Халх Монголыг нэлэнхүйд нь хамарсан
Хавтай, бахтай зэвсэгт тэмцэлд
Хатан зоригоо хантайртал хөвчилсөөр
Хайран сайхан амиа зольсон хүн!
Харин Цэнгүнжав яасан билээ?
Харийн түрэмгийлэгчдийн хайрыг татаж
Хавьтсан ойртсоноо Манжид урвуулж
Хамаг олны зовлон дээр “бүжиглэж”
Эр зоригийн туйл-ганц сайхан баатар
Эрх чөлөөний дууль-Чингүнжавыг маань
Элдэн хөөж, цуслан даруулаад
Элдэв аргаар хуурч бариулаад
Маргашгүй үнэний тэмдэг болгож
Манжуудын гарт амьдаар нь тушаасан хүн!
Аяа, манай Чингүнжав болбоос
Ард олныхоо дунд гурван зуун жил дуурсагдсан
Аа, харин Цэнгүнжав болбоос
Амьд байх өчүүхэн хугацаандаа л алдаршсан
Чин үнэнийг цэцлэн хэлэхэд
Чин, Цэн хоёрыг бүү эндүүр!
Чингүнжав нь манай баатар
Цэнгүнжав нь Манжийн баатар!