Өнөөдөр Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, “Эх орончдын өдөр” тохиож буй. Энэхүү тэмдэглэлт ойн баярыг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй удирдлагууд, хоёр намын гишүүд, дэмжигчид их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Өнөөдөр Монголын улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсаны баярын өдөр, Монголын үе үеийн хатан зоригт эх орончдын түүхэн алдар гавъяаг магтан дуулах эх орончдын баярын өдөр. Одоогоос 95 жилийн өмнө Монгол Улсад анхны улс төрийн хүчин үүсэн байгуулагдаж, Монгол Ардын нам гэсэн модон тамгаа сийлж, эх орныхоо төлөө, харийн дайснаас эх орноо чөлөөлөхийн төлөө тусламж гуйхаар мордож, үйл хэргээ хэрэгжүүлж байсан тэмдэглэлт өдөр юм гэлээ. Тиймээс ч “Эх орончдын баяр”-ын энэ өдөр угшил нэгт МАН, МАХН-ынхан баяраа хамтран тэмдэглэж байгаа юм. Улс орны язгуур эрх ашиг, сайн сайхны төлөө улс төрийн намууд улстөрчид хувийн эрх ашгийг хойш нь тавьж хамтаран нэгдэж, ойлголцон зөвшилцөж ажиллах нь чухал. Үүний илэрхийлэл хоёр нам хамтарч баяраа тэмдэглэж байгаа явдал юм. Нийгэмд хоёр нам эвсэж сонгуульд орох уу гэдэг хүлээлт нэлээдгүй байх шиг байна. Энэ талаар хоёр намын ахмадуудын зүгээс өргөх бичиг явуулсан. Цаашдын асуудлыг хоёр нам баярын дараа хамтдаа хэлэлцээд явах боломж байгаа” гэлээ. Энэхүү баярын үйл ажиллагаа “Эх орончдын өдөр” -ийн арга хэмжээ баярын хурлаар үргэлжилж байна.