Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 18 дугаар хуралдаан болж, АСЕМ-ын мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр хуралдаан, Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Бизнесийн 15 дугаар чуулга уулзалтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллүүдийг сонсож, хэлэлцлээ.
АСЕМ-ын мэдээллийн төв гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, үйл ажиллагаа нь тогтмолжсон талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Тус мэдээллийн төвд долоо хоног бүрийн Пүрэв гаригт 11 цагаас Үндэсний зөвлөлийн ажлын хэсгийн дарга нар АСЕМ-тай холбоотой онцлог үйл явдлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм. Мөн АСЕМ-ын хурлуудыг сурвалжлах сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилгоор сард нэг удаа Гадаад хэргийн яам, Дипломат академитай хамтарсан сургалт зохион байгуулна гэлээ.
Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр уулзалт энэ оны дөрөвдүгээр сарын 21-23-ны хооронд Улаанбаатар хотод болно. Одоогоор 23 орны 100 гаруй төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байна гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулсан юм.