Г.Баярмаа: 3 дугаар сарын 15-ны өдрөөс ипотекийн зээл олгогдож эхэлнэ

63df982a907a8b886abb02490035c0f1f540634c5 хувийн хүүтэй зээлийн асуудлаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Г.Баярмаагаас дараах тодруулгыг авлаа.

5 хувийн хүүтэй ипотекийн зээлгэсэн бүтээгдэхүүн банкуудад бий болчихлоо. Ямар орон сууцыг 5 хувийн хүүтэй зээлээр авч болох вэ?

– Засгийн газраас шинээр баталсан журамд маш тодорхой, ойлгомжтой заасан байгаа. Уг журмаар орон нутаг, түүний дотор Дархан, Эрдэнэт хотууд, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүсэд байгаа орон сууцыг 5 хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авч болно. Мөн энэ бүсүүдэд 8 хувийн хүүтэй авсан зээл 5 хувьд шилжинэ.

– Яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-3 дугаар сарын 15-ны өдрөөс ипотекийн зээл шинээр баталсан журмаар, шинэ механизмаар олгогдож эхэлнэ. Шинэ механизм гэдэг нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, энэ хуулийн хүрээнд баталсан журмууд, гэрээнүүд, түүгээр зохицуулагдаж буй харилцаанууд гэсэн үг. Иргэд өөрсдийн цаг зав, бололцоогоороо харилцагч банкин дээрээ очоод өмнөх зээлийн гэрээгээ өөрчилнө. Гэрээ хийсэн өдрөөсөө 8 хувийн зээл нь 5 хувьд шилжинэ.

– Энэ зохицуулалтаар бол хөдөө орон нутагт орон сууц барих, худалдан авахыг дэмжиж байна гэж ойлгож болох уу?

Тиймээ. Эдийн засгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвтэй нь уялдуулж, урт хугацааны бодлогын хүрээнд гарсан шийдвэр гэж ойлгож болно. Эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэн солонгоруулах, хөдөө орон нутагт үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг сайжруулах, иргэдэд орон нутагт тохь тухтай орон сууцанд амьдарч, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог илүү нээж өгөх, ер нь дундаж давхаргаа дэмжих гэсэн урт хугацаанд хэрэгжих суурь бодлогын хүрээнд төрөөс хийж буй нэг ажил. Хөдөө орон нутагт орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, утааг бууруулах зэрэг нийгмийн өгөөж ч бас бий болно. Тийм учраас 5 хувийн хүүтэй ипотекийн зээл “Эко-5” гэсэн агуулгатай юм л даа.

Тэгвэл 8 хувийн хүүтэй ипотекийн зээл яг өмнөх шигээ үргэлжлэх үү?

– Иргэд Засгийн газрын журамд зааснаас өөр байршилд байгаа орон сууцыг 8 хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авч болох тул энэ бүтээгдэхүүн өмнө байсан шигээ хэвээр үргэлжилнэ. Зөвхөн орон сууц хаана байршиж байна вэ гэдгээс хамаарч зээлийн хүү 8, эсвэл 5 байна. Банкнаас зээлдэгчид тавих шаардлага, зээлийн шалгуур үзүүлэлтүүд, орон сууцны талбайн хэмжээ, урьдчилгаа төлбөрийн 30 хувь гэх мэт бусад параметрүүдэд ямар ч өөрчлөлт ороогүй, яг өмнөхөөрөө үйлчилнэ.

– Хэдэн өрхийн зээл 8-аас 5 руу шилжих бол?

– Тооцооллоор 18 гаруй мянган өрхийн ипотекийн зээлийн хүү 8 хувь байснаа 5 болно. Гэрээ хийсэн өдрөөсөө.

– Ингэснээр орон сууцны зах зээлд үнэ огцом өсөх гэх мэтийн сөрөг нөлөө үүсэх үү?

Орон сууцны зах зээлд нийлүүлэлт хангалттай сайн байгаа үед эрэлтийг алгуурхан тэлэхэд үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй. Харин ч энэ шийдвэр нь орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг илүү тэнцвэржүүлэх, орон сууцны үнийн тогтвортой байдлыг хангахад эергээр нөлөөлнө гэж үзсэн. Барилгын салбарын эрэлт нэмэгдэхийн хэрээр дотоодын бусад салбарын ажлын байр баталгаатай болж байдаг зөв тогтолцоо руу Монгол Улс шилжээд байна. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө Монголбанк, Засгийн газрын ажлын хэсэг тооцоо, судалгааг маш ул суурьтай, үндэслэл сайтай хийсэн. Тушаал шийдвэр, журам, гэрээ гэх мэт маш олон тооны баримт бичиг дээр ажлын хэсэг бүтэн 2 сар орчим уйгагүй ажилласан. Ер нь аливаа шийдвэр гаргахаас өмнө нөлөөллийн тооцоо, судалгааг мэргэжлийн байгууллагууд сайн хийдэг л дээ.

– 2013 оноос эхлүүлсэн ипотекийн шинэ тогтолцоо цаашид тасралтгүй үргэлжлэх үү?Тийм боломж бололцоо байгаа юу?

– Эдийн засгийн хуримтлал, дундаж давхаргыг дэмжих шинэ бодлого 2012 оны сүүлчээс эхэлсэн. Энэ бодлого тасралтгүй үргэлжилнэ. Мөнгөний бодлого, эдийн засгийн дунд хугацааны өсөлтийн төсөөлөл, төлөвийг харахад хуримтлалыг дэмжсэн бодлогоо хөдөө орон нутагт түлхүү чиглүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хууль эрх зүйн шинэ орчин, шинэ механизм ч бүрдлээ. Анх 2013 онд ипотекийн санхүүжилтийг урт хугацаанд тасралтгүй хэрэгжих байнгын ажиллагаатай бөгөөд тогтвортой тогтолцоо бүрдүүлэх үндсэн зорилготой эхлүүлж байсан. Өнгөрсөн 2 жил хагасын хугацаанд Монголбанк санхүүжилтийг нь хариуцаж авч явсан ирсэн. Одоо хөтөлбөрийн өмчлөл Засгийн газарт шилжээд байна. 2013-2015 онд эдийн засагт шинээр бий болсон 2.4 их наяд төгрөгийн актив хөрөнгө ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжлээ. Ипотекийн зээлийн эх үүсвэр нь энэ сангаас гардаг болж байна. Цаашид ипотекийн тогтолцоо маань энэхүү шинэ схемээр үргэлжилнэ.

– Урьдчилгаа төлбөр 10 хувь болж магадгүй гэсэн яриа нэг хэсэх их яригдсан. Урьдчилгаа төлбөр буурахгүй юу?

– 30 хувийн урьдчилгаа төлбөр дээр өөрчлөлт орно гэдэг хүлээлт байх нь буруу байх. Ипотекийн тогтолцоо нь эрсдэлийг бууруулах нөлөө бүхий суурь параметрээ сулруулахгүй явснаар тогтвортой үргэлжилнэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ипотек бол бидний олон жил ярьж, хүсч байсан тогтолцоо. Ипотекийн зээл бол банкны харилцагчдын мөнгөөр, эсвэл иргэдийн хадгаламжаар санхүүждэг зүйл биш. Зарим хүмүүс иргэн Сүрэнгийн 15 хувийн хүүтэй хадгаламжаар 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийг санхүүжүүлэх гээд байна гэж андуураад байдаг. Тийм биш л дээ. Энэ тогтолцоог тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд болзошгүй эрсдэлийг хаадаг, бууруулдаг суурь параметрийг нь сулруулж яав ч болохгүй. 30 хувийн урьдчилгаа төлбөр гэдэг маань иргэнийг ч, банкийг ч эрсдэлээс хамгаалсан суурь шаардлага, шалгуур үзүүлэлт. Тийм учраас 30 хувийн урьдчилгаа төлбөр өөрчлөгдөхгүй.

– 5 хувийн хүүтэй зээлийг яагаад одоо эхлүүлэх болов? Өмнө нь ийм боломж, бололцоо байгаагүй юу?

– Инфляци 14 хувь байхад 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлж байсан. Ипотекийн хөтөлбөр нь өрхийн зардлын бүтцийг оновчтой болгодог, дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлдэг. Тийм учраас дунд, урт хугацаанд инфляцийг өөрийг нь хязгаарлах, нам, тогтвортой байлгах нөлөөтэй зүйл нь өөрөө ипотекийн зөв тогтолцоо. 2015 оны эцэст инфляци 1.9 хувь болж буурлаа. Энэ оны 2 дугаар сарын байдлаар 2.0 хувьтай буюу тогтвортой байна. Монголбанкны инфляцийн зорилтот түвшин энэ онд 7 хувь, 2017-2018 онд 5-7 хувь. Ийм нам, тогтвортой инфляцийн орчин маань хуримтлалыг нэмэгдүүлэх бодлогод шинэ боломж, орон зай олгож байна. Тийм учраас тодорхой нөхцөл заасан 5 хувийн ипотекийн зээлийг эхлүүлж байна. Инфляцийг ийм нам, тогтвортой түвшинд нь хадгалаад, эдийн засгийн тэнцвэрийг хангахын хэрээр ипотекийн суурийг, хүртээмжийг ахиад тэлэх боломж гарах болов уу.

– Энэхүү шийдвэрийг зарим хүмүүс ирэх сонгуультай холбож тайлбарлаж байгаа дээр юу гэж хэлэх вэ?

Инфляци өөрөө сонгууль угтаж буурдаг үзүүлэлт биш л дээ. Түүний нэгэн адил эдийн засгийн бодлогын шийдвэр сонгууль угтаж, сонгуульд зориулагдаж гардаггүй. Төрийн, мэргэжлийн байгууллагын бодлогын шийдвэр эдийн засаг, санхүүгийн салбарын нөхцөл байдал, төлөв хандлагатай л уялдаж тухай бүр гарч байдаг. Үүнийг заавал сонгууль ч гэдэг юмуу, ямар нэгэн үйл явдалтай холбох хэрэггүй юм. Хэрэв бүхнийг сонгуультай холбон уяж тайлбарлах ёстой юм бол УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн гэх мэт ийм олон сонгуулиас өмнө ямар ч мэргэжлийн байгууллага юу ч хийхгүй хүлээх ёстой болох уу? Эдийн засгийн хуримтлал, дархлааг дэмждэг ипотекийн тогтолцоо бол макро эдийн засгийн бодлогын маш чухал хэсэг юм.

Б.Хонгор

Эх сурвалж:  todaynews.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …