Зуданд өртөж, амьжиргаагаа алдах аюулд өртөөд байгаа малчдад олон улсын байгууллагуудын тусламж шаардлагатай байна.
2016 оны гуравдугаар сарын 15 – Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага зуданд хамгийн ихээр өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээр боллоо. Нийт тусламжийн хэмжээ 2.4 сая ам доллар ба уг хөрөнгийг “Онцгой Байдлын үед Зарцуулах НҮБ-ын Нэгдсэн Сан /CERF/”-гаас босголоо.
Өнгөрсөн оны 12-р сараас эхлэн Монгол улсын нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь буюу 339 сум зудтай болон зудархуу байлаа. Зуд нь зөвхөн Монгол улсад л тохиолддог, тодорхой хугацаанд давтагддаг үзэгдэл бөгөөд өмнөх зун нь гантай байж, өвөл нь цаг агаар эрс хүйтэрч – 4 0° C аас – 50° C хүрч, цасны зузаан 10 – 350 см болсноос бэлчээр доройтож, ус хомсдсоноос мал эцэн олноор хорогдох нөхцөл байдал үүсдэг. Түүнчлэн Номхон далайн Экватор дээрх хэсгийн төв болон баруун хагаст далайн гадаргын болон далайн гүний температур олон жилийн дундажтай харьцуулахад нэмэгдэж, дулаарах үзэгдэл буюу EL – Nino нь 2015 оны зун ган болоход нөлөөлсөн ба улмаар улаан буудайн ургац төдийгүй зарим газрын бэлчээрийн гарцыг 40 хувиар бууруулсан гэсэн үзүүлэлт байна.
2016 оны хоёрдугаар сарын 15-ны байдлаар 211 сумд өвөлжилт хүндэрч, 225,788 хүн буюу 62,719 малчин өрх /нийт малчин өрхийн 41 % / хүнд зутруу хаваржиж байна. Эдгээр иргэдийн дотор 5 хүртэлх насны хүүхэд 28,290, жирэмсэн эх 3,340 байна. Мөн энэ 98 суманд амьжиргааны түвшин нь хүнд байдалд орсон, хамгийн эмзэг бүлэгт тооцогдож байгаа, 100-гаас доош малтай малчин өрх ойролцоогоор 11,800 байна.
Хэт хүйтэрч, цас ихээр унаж, цасан шуурга болсноос малын хорогдол 2016 оны 1 – р сард 40,000 байсан бол 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдөр гэхэд 10 дахин нэмэгдэж 359,981 болсон. Сульдаж, өлссөн мал хавар олон тоогоор хорогдох аюул байгаа ба малын хорогдлын тоо 1,2 саяд хүрч болзошгүй.
НҮБ-ын энэхүү тусламж нь уялдаа холбоо бүхий хүнс тэжээл, хамгаалал, ХАА болон амьжиргааг шуурхай сэргээх гэсэн 4 чиглэлийн хүрээнд хэрэгжинэ. Хамгаалал болон Хүнс тэжээлийн төслийн хүрээнд малчин өрхөд хүнс, амин дэм, эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгслийг багцаар нь түгээх юм . Хөдөө аж ахуйн төслийн хүрээнд малыг нэмж хорогдохоос сэргийлэх зорилгоор малчин өрхөд өвс, тэжээл, бусад шаардлагатай амин дэмийг хүргэнэ. Дараагийн шатанд малчин өрхөд хэрэгцээтэй бусад зүйлс ( түлш, шатах уун, дулаан хувцас гэх мэт ) худалдан авах зорилгоор бэлэн мөнгийг олгох төлөвлөгөөтэй байна. Эдгээр төслийг ирэх зургаан сарын хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүн Амын Сан, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага төрийн бус байгууллагууд болон Засгийн газрын зохих байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх болно.
НҮБ-ын тусламж зуд , гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн 4,390 малчин өрхөд чиглэх бөгөөд амьжиргаа нь эрсдэлд орсноос сэтгэл санааны гүн хямралд орохоос сэргийлэх, хамгаалахад тус дөхөм болно гэдгийг НҮБ-ын Суурин Зохицуулагч хатагтай Биата Транкман хэлэв. Тэрээр Монгол улсын засгийн газраас зуданд нэрвэгдсэн аймаг, сумдад боогдсон зам нээх, түргэн тусламжийн машин нийлүүлэх, өвс тэжээлийг үнэгүй болон хөнгөлттэй үнээр тараах, тээвэрлэлтийн зардлыг шийдвэрлэх зэрэг ихээхэн хэмжээний дэмжлэгийг үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Монгол улсын засгийн газар улсын нөөцөөс нилээд хэмжээний хөрөнгийг зудын нөхцлийг даван туулахад зарцуулаад байгаа бөгөөд олон улсын хүмүүнлэгийн тусламж нээлттэй тухай Монгол улсын Шадар сайд , Улсын Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар мэдэгдсэн. Түүнчлэн Засгийн газрын авч буй арга хэмжээнд дэмжлэг болон НҮБ-аас үзүүлж буй энэхүү тусламжийн арга хэмжээнд талархаж буйгаа Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга Т. Бадрал илэрхийллээ. Энэхүү дөрвөн салбарын нэн шаардлагатай байгаа хэрэгцээг хангах, дунд хугацаанд амьжиргааг дээшлүүлэх зорилгоор нийтдээ 14,3 сая ам доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд Онцгой Байдлын үед Зарцуулах НҮБ-ын Нэгдсэн Сангаас үүний 17 хувийг санхүүжүүлж байна. Үүнээс гадна 4,4 сая ам долларын тусламжийг зуданд өртсөн 98 сумын хамгийн эмзэг малчин өрхүүдэд нэн яаралтай хүргүүлэх шаардлагатай байгаа. НҮБ-ын Монгол улс дах хүмүүнлэгийн баг засгийн газар болон бусад түншүүдтэй зудад хамгийн ихээр нэрвэгдсэн малчин өрхөд туслах хөрөнгийн эх үүсвэр босгох ажилд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Bataar.mn