Хятадын нийгэм, эдийн засаг хөгжиж багагүй зүйлээрээ дэлхийд тэргүүлэгч улс орнуудын нэгд багтах болсон. Үүний хирээр олон бэрхшээлтэй асуудлуудтай тулгарсаар байна. Тэрбум давсан хүн амтай тус улсын хувьд гэмт хэрэг гол бэрхшээл нь болдог. Сүүлийн 30 жилд гэмт хэргийн үзүүлэлт буурсан ч хүүхэд хулгайлах явдал газар авсаар байгаа аж.
Хятадад жилд дунджаар 2000 хүүхэд хулгайлагддаг. Гэвч тэдгээрийн тун цөөхөн хувь нь гэртээ эргэж ирдэг байна. Хулгайлагдсан хүүхдүүдийн тодорхой хувь нь олон улсын хүүхэд үрчлэлийн байгууллагуудаар дамжигдан өөр улсын гэр бүлийн гишүүн болдог гэнэ.
Хятад улсад хүүхдийн наймаа нь тулгамдсан асуудал учир энэхүү асуудлыг өргөн дэлгэр ярьдаггүй. Тус улсын эрх баригчид энэ асуудлыг хүлээн зөвшөөрдөг ч хулгайлагдсан болон худалдагдсан хүүхдүүдийн статистик тоо баримтуудыг нийтлэдэггүй. Эл сэдвийн үр дагвар Америкийн хэдэн мянган гэр бүлд таагүй тусч болзошгүй. Мөн Хятадын олон улс дахь нэр хүндэд асар их хор хөнөөлтэй. Өнгөрсөн онд Америкчууд Хятадаас гурван мянга орчим хүүхэд үрчлэн авчээ. Эдгээрийн хэд нь хулгайлагдсан хүүхэд болох нь тодорхойгүй.
Хятадын үндэсний радио өнгөрсөн сарын 01-нд нэвтрүүлгийнхээ үеэр “БНХАУ-д жил бүр 2000 орчим хүүхэд алга болдог. Тэдний дөнгөж 0.1 хувь нь төрөлх гэр бүлдээ ирдэг” гэжээ. Тус улсын нийгмийн сүлжээний “Weibo” сайт дахь Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамны Хүний наймаатай тэмцэх хэлтсийн дарга Чэнь Шицюй мэдэгдэлдээ “Энэ тоо баримт нь жинхэнэ бодит тоотой нийцэхгүй. Үүнд ямар ч үндэслэл байхгүй” гэжээ. Гэтэл 2009 оны дөрөвдүгээр сараас өнгөрсөн оны сүүлч хүртэл үед түүний хэлтэс хүүхдийн наймаатай холбоотой 54 мянган хэргийг мөрдсөн байна.
Хятадад хүүхдийн наймаа ид цэцэглэж байгаа аж. Хүүхдийн наймаа эрхлэгчид хүүхдүүдийг гараас гарт дамжуулан худалдаж асар их ашиг хонжоо олдог гэнэ. Нэг хүүхэд зарсан байлаа ч тэр нь маш их ашиг авчирдаг аж. Гэмт хэрэгтнүүд хүүхдүүдийг ялангуяа, эрэгтэй хүүхдүүдийг бага орлоготой гэр бүлээс ойролцоогоор 30 мянган юаниар (4900 ам.доллар) худалдаж аваад Хятадын хүүхэдгүй хосуудад 70-90 мянган юаниар (114- 146 мянган ам.доллар) зардаг байна.
З.Байгалмаа ugluu.mn