Бүсгүйчүүдээ амралтын өдрөө хэрхэн өнгрөөж байна даа?
Оюутан байхад зуны амралтыг хүлээдэг байсан бол одоо хагас бүтэнсайныг тэсэн ядан хүлээдэг болж. Гэхдээ сүүлд анзаарснаар бол амралтын өдрүүдээр төдийлөн хийгээд байх зүйл байдаггүй юм шиг санагдсан. Улаанбаатарт ёстой хийх ч юм олдохгүй гэдэг үгийг тоотой хэдэн удаа хажуугаар зөрөх хүмүүс, найз нөхдөөсөө сонсож байсан ч, тэр үедээ найдлага тавиад байсан ч юм уу тэр болгон санал нийлдэггүй байсан. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр энэ бодол маань өөрчлөгдөв.
Амралтын өдрүүдэд бид яах ёстой вэ?
Мэдээж хамгийн түрүүнд тархи болон махан биеэ амраах хэрэгтэй. Тархийг амраах гэдэг нь ажилтай холбоотой стрессийг түр ч гэсэн мартах гэдэгтэй агаар нэг байх. (Амралтын өдөр боллоо гээд хувь хүний асуудал стресс тэр болгон мартагдаад байдаггүй гэж ойлгов). Гэрийхэнтэйгээ оройн хоол гадуур идэх, кино үзэх, дэлгүүр хэсэх гэсэн нийтлэг аргаар та анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлсэнээр дээр дурьдсан тархины амар амгаланг олох боломжтой гэвч эдгээрт заавал тодорхой хэмжээний мөнгө зарлагдана. Ахиад л нөгөө хямрал дарамталсаар байгаа ийм үед залуучууд бид мөнгө үрэхгүйгээр хэрхэн амралтаа үр дүнтэй өнгөрөөж болох талаар зөвлөмж бэлтгэлээ:
Номын санд суух:
Та өөрийн хүссэн чиглэлийн дагуу тодорхой хэмжээний мэдлэг, мэдээллийг цуглуулахаас гадна, номын сангийн үйлчлүүлэгчдийн хүрээнд явагддаг өдөрлөг болон сонирхолтой лекцүүдийг сонсох боломжтой юм.
Онлайн радио нэвтрүүлгүүдийг сонсох:
Хазсан алимны зурагтай утас эрчийг авсантай холбогдуулан энийг хийх нь тийм ч хэцүү биш болсон байна. Itunes рүүгээ ороод Podcast хэсгийг сонгоход The Splendid Table (хоолны жор), Marketplace (эдйин засаг болон бизнес) RadioLab (шинжлэх ухааны болон философийн шинэ үзэл суртлын талаар) гэх мэт нэвтрүүлгүүдийг сонсож амралтын өдрөө өнгөрөөх боломжтой.
Гэртээ өөрийн гараар талх барьж үзэх:
Би гал тогооны өрөөндөө үнэхээр хайртай, харамсалтай нь бид 2-ын болзоо оройн 10 цагаас хойш 7-8 удаа богино хугацаагаар үргэлжилдэг. Гал тогоонд хоолыг идэж бас бүтээж болдог гэдгийг мунхаг би мартаж энэ тэр. За маазрах ч яахав, эрэгтэй ч бай эмэгтэй ч бай гал тогооны өрөөнд гайхамшигтай хоол хийдэг байна гэдэг бол өнөө цагийн бас нэгэн том давуу тал. Хамгийн энгийн талх барьж чадахгүй бол юун гайхамшиг бүтээх мүтээх тэ, ямарч л байсан оролдож үзэх хэрэгтэй юм шиг. (Жор :http://www.emegteichuud.mn/content/41249.shtml )
Дасгал хийж эхлэх:
Гар дээр суниах, гэдэсний таталт хийх зэрэг үндсэн дасгалууд нь нэмэлт тоног төхөөрөмж шаарддаггүй. Тиймээс интернетээр хэсэг хугацаанд судалгаа хийгээд шууд ажилдаа орох боломжтой.
Хөгжмийн зэмсэг эзэмших:
Ихэнх айлд төгөлдөр хуур, морин хуур, гитар зэрэг хөгжимийн зэмсэг байдаг хэдий ч төдийлөн ашиглагддаггүй. Тэгвэл одоо эхлэхэд хамгийн тохиромжтой цаг, мөн л интернэтээр багахан судалгаа хийгээд л болох нь тэр.
Дараа жилийнхээ амралтыг төлөвлөх. Байж болох боломжуудаа судалаад харьцуулалт хийгээрэй. Дэлгүүрийн үнэ, тасалбар, байршил зэрэг зүйлсийг нь судлаад дараа нь шийдвэрээ гаргаарай. Хэрэв та хүсвэл шаардлагатай мөнгөний тооцоог хийж болно. Судалгаагаар төлөвлөсөн аялал амралт, төлөвлөөгүй амралтаас илүү сэтгэлийн таашаал авчирдаг нь батлагдсан байдаг.
Өөрийн хуучин сонирхолыг сэргээх:
Бидэнд мартагдсан дурсамж болон хэвшил хоббинууд байдаг. Тэдгээрийг эргэж сэргээх буюу түүнтэй холбоотой блог зэргийг судалж унших нь танд бас нэгэн аз жаргалтай мөчийг бэлэглэнэ.
Википедиаг судлах. Маш том сүлжээ, мэдээллийн сан, оюутан насны хамгийн сайн анд. Та бидний мэдэж байгаагаар википедиа орсон л бол дотогшоо илүү гүн судлах боломжтой билээ. Сониучхан зантай хүмүүсийн бол хамгийн дуртай “ЧИХЭР” ч гэж хэлж болно.
Олон ангит кино эхлүүлэх:
Кино хорхойтнуудад тохиромжтой. Netflix -ийн тусламжтайгаар одоо бараг хүн бүр хүссэн киногоо үзэж байгаа байх. Ийм төрлийн сайтуудаар зочилж өөрийн кино ертөнцийн тухай мэдлэгээ дээшлүүлж амралтаа өнгөрөөж болно.
Хандивийн байгууллагад туслах:
Өөрийн төдийлөн хэрэглэдэггүй зүйлс эсвэл багадсан хувцас зэрэгээ ялгаж эд зүйлсээ цэгцлэхийн хажуугаар, хүмүүст туслана гэдэг бол гайхалтай мэдрэмж авч амралтаа өнгөрөөх бас нэг боломж юм.
Өөрийн дуртай киногоо үзэх эсвэл номоо унших. Хүн бүрт бусдаас арай өөр түвшинд холбогдож чаддаг ном бас кино байдаг. Тэрийгээ дахин үзэх нь таны ойрын ирээдүйд тавьсан зорилгодоо хүрэх сэдлийг бэхжүүлэхэд тусалдаг байна.
Ууланд гарах эсвэл алхах. Агаарт гарахын хажуугаар эрүүл мэнддээ анхаарах гайхалтай боломж. Өөрийн биед тааруулж алхах нь илүү дээр нэгэнт л өөрийн төлөө хийж байгаа болохоор мөч бүрийг нь мэдэрсэн нь дээр биз дээ?
Судоку эсвэл үгийн сүлжээ бөглөх:
Онлайнаар ч гал тогооны ширээн дээрээ ч хийх боломжтой. Энэ нь зугаатайгаас гадна тархинд тань бас нэг төрлийн дасгал болох юм.
Унтах. Үнэндээ хүмүүс хангалттай унтаж чаддаггүй. Яагаад өөртөө 2-3 цагийн чөлөө өгч болохгүй гэж?
Өрөөнийхөө тавилгын байрыг өөрчлөх. Энэ үйлдэл нь маш их сэргэлтийг авчирдаг. Амьдарч байгаа орчноосоо хүн шууд хамаардаг учир жижиг деталь бүрийг өөртөө таалагдахаар хийгээрэй.
Гадаад хэл сурах. DuoLingo гэх мэт үнэгүй аппликэйшн ашиглан сурах боломжтой. Ямар ашигтайг нь тайлбарлах шаардлаггүй байх.
Дугуй унах:
Сүүлийн үед залуучууд маш ихээр дугуй унадаг болсон. Дугуй унаж сурах тийм ч хэцүү биш. Хэрэв та энэ хоббиг эзэмшхээр шийдсэн бол таны эрүүл мэндэд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч эхэлнэ.
Тэмдэглэл хөтлөх. Эцэг эхийн нүдэнд залуучуудад санаа зовох зүйл буюу стресс байхгүй мэт харагддаг байх. Гэхдээ энэ нь тйим биш, бидэнд өөрсдийн гэсэн асуудлууд байдаг ба тоо нь цөөхөн биш. Өдөр бүр эдгээрийг нэг бүрчилэн санах гэдэг нь боломжгүй учраас тухай бүрт нь тэмдэглэж бичих арга тус болно. Цаашид ч амьдралд хэрэг болох зүйл.
Нохой эсвэл мууртайгаа тоглох:
Дээр дурьдсан өөрсдийн асуудлаасаа болоод бид “хүний хамгийн сайн найз”-тайгаа цагийг тэр болгон өнгөрөөх боломж олддоггүй. Харин тэдний өнцгөөс тэд бүхэл амьдралаа бидэнд зориулдаг учир, анхаарал хүртэх бүрэн эрхтэй гэж хэлж болно. Гадаа гаргаж салхилуулахаас авхуулаад, гэрт ч гэсэн цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Хөзөр тоглох:
Энийг бичиж байгаагийн учир гэвэл хүмүүс бид биенээсээ хэт холдсон, цахим ертөнцөд байгаа энэ үед амьд харилцааг сэргээх нь юу юунаас илүү үнэ цэнэтэй билээ. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ цаг гарган хөзөр тоглоорой.