МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас сэжигтнээр татаад байгааг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ асуудлаар байцаалт авахаар таван ч удаа зарлан дуудах хуудас илгээжээ. Гэвч тэрээр байцаалт өгөхөөс татгалзаж, нэг ч удаа АТГ-т очоогүй байна.
Тиймээс л АТГ өчигдөр Төрийн ордонд “сүр дуулиан”-ыг үзүүлэв. Гэхдээ Н.Энхбаяраас мэдүүлэг авах гэсэн бус харин зарлан дуудах хуудсаа өөрийнх нь гар атгуулахын тулд Шадар сайдын өрөөнд “дайран” оржээ. Үүнийг МАХН-ынхан хууль бус гээд байгаа ч үнэндээ зарлан дуудаад байхад ирэхгүй байгаа хүнд ямар нэгэн байдлаар сануулга өгөх нь хуулийн байгууллагын үүрэг юм даа. АТГ-ын Н.Энхбаярт гардуулж өгсөн зарлан дуудах бичигт “Таны байгаа газарт АТГ-ын мөрдөн байцаагчид очиж мэдүүлэг авья” гэсэн байж.
Эндээс АТГ харин ч Н.Энхбаярт хүндэтгэлтэй ханджээ гэж дүгнэмээр. Таван ч удаа дуудаад байхад ирээгүй хүнийг шууд л “оймсдоод” аваад явж болох л байлаа. Жирийн иргэнд бол хууль ингэж л үйлчилнэ. Гэтэл Н.Энхбаяр болохоор хүндэтгэлтэй хандаж, түүнийг зорин ирээд “та дуртай газраа дуудаарай явж очоод мэдүүлэг авья” гэсэн байна шүү дээ. Улмаар хэрвээ “энэ удаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол баривчилна шүү” гэдэг сануулгыг өгсөн байгаа юм. Үнэхээр л гэм буруугүй юм бол нэг газар дуудаж, сүжигнэлгүй явж очоод л мэдүүлгээ өгчихөөд төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэл үзүүлчихмээр.
Гэвч нэг асуудал байна тээ. Гэсэн ч АТГ Н.Энхбаярт хүндэтгэлтэй хандсаар л байна. Харин үүнийг нь ойлгоогүй МАХН-ыхан бужигнаж, төрийн ордны хоёр хаалгыг “бүчиж” энэ тэр.
Эх сурвалж:Үндэстэн.mn