-“Оюутан цэрэг”-ийн бүртгэл хэрхэн явагдаж байна. Хичээл хэзээнээс эхлэх вэ?
-Бүртгэл сайн явагдаж байна. Онолын хичээлүүд ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс эхэлж, оюутнуудын хичээлд саад болохгүйгээр хагас, бүтэн сайн өдрүүдэд явагдана.
-Зарим сургуулийн сургалтын албан дээр оюутнуудыг бүртгэхгүй байна гэсэн асуудал яригдаж байна.
-“Оюутан цэрэг” хөтөлбөрт их, дээд, сургуулийн зөвхөн нэгдүгээр ангийн оюутнуудыг бүртгэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрөгч есдүгээр сарын 1-нд оюутан болсон, энэ хавар нэгдүгээр ангиа дүүргэх оюутнууд хамрагдана гэсэн үг. Зарим их, дээд сургууль дээр хоёрдугаар ангийн өнгөрсөн жил хамрагдаж чадаагүй оюутнууд бүртгүүлэх гэсэн асуудал гарсан. Энэ боломжгүй. Хоёр, гуравдугаар ангийн оюутнууд танилцах болон үйлдвэрлэлийн дадлагатай байдаг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ оюутнуудын хичээл сургуульд саад болохгүй байхаар зохицуулж БХЯ, БСШУЯ-наас хамтарсан журам гаргасан.
“Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн өчигдөр нийслэл болон Дорнод, Ховд, Говьсүмбэр аймагт нэгэн зэрэг боллоо. БХЯ, ЗХЖШ-аас “Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжүүлж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байна. Харин энэ жил “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд гол онцлог нь орон нутагт хэрэгжүүлэхээр болсон юм.
Их, дээд сургуультай орон нутгийн удирдлагууд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг нь орон нутагт нь хэрэгжүүлэх тухай хүсэлтийг хэд, хэдэн ирүүлсэн байдаг юм аж. Ингэхдээ нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.
Энэ хөтөлбөрт их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэж байгаа юм.
Б.Буд