Нийслэлийн Авто замын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар томилогдоод нэг их удаагүй. Гэтэл 70 сая төгрөгөөр ажлын өрөөгөө засуулсан талаар иргэд хэл ам хийх болсон. Тэгвэл эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнөөдөр АТГ-ын үүдэнд боллоо. Иргэдийн хамт Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан ирсэн байв. Тэрбээр Д.Бат-Эрдэний эл үйлдлийг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буй юм. Ч.Дэчингалсан хэлэхдээ “ 49 сая төгрөгөөр 3 өрөө байр л засуулсан. Үлдсэн 20 гаруй сая төгрөгөөр 3 өрөөндөө тавилга авч тавьсан. Өнөөгийн нөхцөлд нэг айл орон сууц худалдаж авах хэмжээний мөнгөөр нэг дүүргийн ИТХ-ын дарга ажлын өрөөгөө засна гэдэг байж болох асуудал биш. Төрийн мөнгөөр ингэж л тоглож байна. Тодорхой хэмжээний хөрөнгөөр өрөөгөө засаж бололгүй л яахав.
Гэхдээ хууль зөрчиж болохгүй. Ер нь ИТХ-ын дарга Д.Бат-эрдэнэ, ИТХ-ын ажлын албаны дарга н.Алтанцацралт гэж энэ нөхдүүд аливаа мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулахдаа энэ мөнгө хэзээний, яасан мөнгө вэ гэж асуухаар ашиглаж, хэрэглэчихсэн мөнгөө одоо орох гэж байгаа юм гэж хэлээд будлиулж батлуулдаг байдал тогтчихоод байгаа” гэв. Түүнчлэн, Д.Бат-Эрдэнэ Өмнөх ИТХ-ын унаж байсан машин байсаар байтал хуучин машин унахгүй, шинэ машин авч унах ёстой гээд 59 сая төгрөгөөр шинэ машин авч унасан гэнэ. Улмаар өмнөх машиныг нь ИТХ-ын ажлын албаны дарга н.Алтанцацралтад шилжүүлж өгсөн байна. Чингэлтэй дүүрэг дээр ийм л зүйл явагдаад байгаа юм байна.