Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой төсөл эхлээд багагүй хугацааг ардаа үдэж байна. Улс орны эдийн засагт эерэг үе өгөөжөө өгч буй нэртэй тоон үзүүлэлтүүд, нэгдсэн тайлан, цэнхэр кемп сэлтхэнээр бид Оюутолгойг төсөөлдөг. Гэвч Ханбогд сумын малчдын амьдралд төслийн нөлөөгөөр хэрхэн өөрчлөлт орсон хийгээд сум орны байгаль орчинд гарсан өөрчлөлтүүдийг төдийлөн хайхралгүй, эзэнгүй байдалтай орхисон мэт.
Харин бодит байдал дээрээс нь сурвалжлахад дэлхийн хэмжээний том групптэй сумын захиргаандаа энгийн өргөдөл гаргахдаа хүртэл түүртэхэд хүрдэг малчид хэрхэн хэлэлцээр байгуулсан, ямар замаар мадлуулж, хэрхэн хүлцэн амьдарч буйг харж болно. Гэвч эдүгээ малчид чадавхжиж, тус суманд хэд хэдэн ТББ байгуулагдахад хүрчээ. Одоо тэд Оюутолгойтой ажил хэрэгчээр хэлэлцээр хийж, хөндлөнгийн шинжээч, зөвлөх мэргэжилтнээ гаднаас урих хэмжээнд чадавхжсан байна.
Тэдний нэгэн төлөөлөл болох “Говийн газар шороо” ТББ-ын тэргүүн Л.Батцэнгэлтэй Чингисийн мянган цэрэг ундаалдаг байсан түүхтэй Ундайн голын голдрил өөрчлөгдөж, эдүгээ 20 гаруй цутгал горхиныхоо хамт сайр болон үлдсэн хийгээд худаг малтаад ч ус гарахаа голын сав газар, нутгийн малчдын асуудлаар ярилцлаа.
– Нөлөөллийн бүсэд багтсан өрхүүд нэгдээд ТББ байгуулан, Оюутолгойд зарим асуудлуудыг тавьж эхлэх гол шалтгаан, шаардлага нь юу байв?
– Оюутолгой төслийн дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөж буйтай холбогдуулан 2011 онд “Малчин өрхийн нөхөн олговрын гэрээ”-г байгуулсан байдаг. Таван жилийн хугацаатай уг гэрээ нь зөвхөн дэд бүтэц, бүтээн байгуулалт барилгын ажлын явцад малчин өрхөд ирэх эрсдлийг бууруулах нөхөн олговорт чиглэгдсэн байв. Ер нь энэ төрлийн гэрээнүүд нь Оюутолгой цаанаас төслөө боловсруулаад, малчдын ямар ч саналыг авалгүйгээр шууд тулгах замаар гарын үсэг зуруулж ирсэн. Энэ байдал нь эргээд малчдын амьдралд сөргөөр нөлөөлж, асуудлаа илүү цогц, эрхзүйн хамгаалалттай байдлаар тавих, байгаль орчны хохирлыг асуудлыг далайцтай сөхөх шаардлага малчдад үүссэн. Яг энэ асуудлаас үүдэж “Говийн газар шороо” ТББ-ыг Оюутолгойн төслийн сөрөгт нөлөөлөлд өртсөн есөн малчин хамтран 2012 онд байгуулсан.
– Та бүхэн ТББ-ынхаа хүрээнд гаргасан голлох гомдлуудынхаа талаар мэдээлэл өгвөл?
– Монголын нүүдэлчин малчид бэлчээрээс бүрэн хараат амьдардаг. Гэтэл малчидтай байгуулсан 2004 оны “Нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ” болон 2011 оны “Малчин өрхийн нөхөн олговрын гэрээ”-нүүд амьдарлынх нь онцлогийг үл харгалзан, түр аргалах зорилгоор байнгын бус ажлын байраар хангах, хог түүлгэх ажил хийлгэх, мөнгөн нөхөн олговор олгох төдийхнөөр хязгаарлагддаг.
Тиймээс бид Оюутолгойг санхүүжүүлдэг Олон Улсын санхүүгийн корпорацийн гомдлын механизмыг зохицуулдаг Омбудсманы газарт байгууллагад 2012 оны аравдугаар сард гомдол гаргасан. Оюутолгойн төслийн нөлөөгөөр Ундайн голын голдрил өөрчилсөн асуудал болон малчдын бэлчээрийн хүндэрлийн талаар гомдолдоо тусгасан байдаг.
– Ундайн голын асуудлаар хэзээ гомдол гаргасан юм?
– Их говийн заган ойг тэжээж байгаа Ундайн голын усны голдрлыг Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын хүрээнд өөрчилсөн.Тиймээс бид дан ганц нөлөөллийн бүсэд багтсан өрхүүдийн асуудлыг ярихаас илүүУндайн голын голдрилыг хөндүүлэхгүй байх асуудлаар 2013 онд хоёр дахь гомдлоо гаргасан юм.
– Тухайлсан гомдлууд дээр Оюутолгойн зүгээс та бүхэнд хандан ямар санал тавьдаг бэ?
– Хэлэлцээрийн арга замаар шийдэхийг санал болгодог. Бид саналыг хүлэж авахдаа Олон Улсын санхүүгийн корпорацийн гомдлын механизмыг зохицуулдаг Омбудсманы газраас чиглүүлэг авч, хэлэлцээр явуулж эхэлсэн. Оюутолгой өөрөө Үндэстэн дамнасан том корпораци. Ийм том корпорацитай орон нутгийн малчид хэлэлцээр хийнэ гэдэг өөрөө их эмзэг сэдэв. Тиймээс бид мэдээлэл солилцох, холбогдох сургалтууд зэргийг авч, малчдаа бэлддэг байгаа.