Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ченжийн амь насыг хохироосон онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдэн гарч хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр мэдээлэгдэж байсан билээ. Хэргийг үйлдсэн “Б” гэгч нь нь 2015 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө тус аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Б-н биед нь байсан 30.300 доллар, 800 рубль /Монгол мөнгөөр 60.472.360 сая төгрөг/ зэргийг авах зорилгоор шунахайн сэдэлтээр түүнийг зодож, толгойгоор нь паар мөргүүлж гавал тархины гэмтэл учруулан онц харгис аргаар амь насыг нь хохироосон, улмаар бусдыг алах гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор хохирогчийн гэрт бинзен цацаж гал тавин эд хөрөнгийг нь санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтаар илрүүлэн тогтоож Аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж Б-г бусдын амь насыг онц хэрцгий аргаар санаатай хохироосон, бусдын эд зүйлийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн Хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан ялаас заримыг буюу 2 жилийг нэмж нэгтгэн нийт 22 жилийн хорих ял оногдуулсан байна.