Өргөдлийн байнгын хороо улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудалд анхаарлаа хандуулна

83c8224970d540a4bb25811d52229959_x3 (2)

Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдээс тус байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, хүсэлттэй холбогдуулан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.

Тус байнгын хороо улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн цагаатгах, дурсгалыг мөнхжүүлэх, тэдний ар гэр, үр хүүхдүүдэд олгох нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр 2017 оны улсын төсөвт тодорхой хөрөнгө мөнгө тусгуулах үүднээс байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөхөөр ажиллаж байгааг байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтын эхэнд онцлов. Энэ үндсэн дээр юуны өмнө улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдэд нэмэгдэл тэтгэвэр, эсхүл нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх боломжийг судлах, хэлмэгдүүлэлтэд өртөж амь насаа алдсан олон арван мянган хүний дурсгалыг мөнхжүүлэхэд төсвөөс хөрөнгө гаргаж бодитой арга хэмжээ авах, түүнчлэн тухайн үеийн ЗХУ-д аваачиж хэлмэгдүүлж амь насыг нь хохироосон хүмүүсийн талаарх түүх, архивын баримт материалыг нарийвчлан судалж тэдний шарилыг эх оронд нь авчирч оршуулж мөнхжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байгааг байнгын хорооны дарга хэлээд энэ талаар холбогдох байгууллагын төлөөллүүдтэй санал солилцсон юм.

Уулзалтад оролцсон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн, тус комиссын ахлах референт Т.Уугансүрэн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар нар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, ар гэр, үр хүүхдүүдэд нь төр, засгаас үзүүлэх халамж үйлчилгээг бодитой болгоход Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо анхаарал хандуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд байнгын хорооноос хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудтай холбогдуулан санал бодлоо хуваалцав.

Байнгын хорооны дарга Ж.Батзандан холбогдох байгууллагууд энэ талаарх саналаа бичгээр гаргаж байнгын хороонд ойрын хугацаанд ирүүлэхийг хүсээд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудлыг анхааралдаа байлгах нь хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийн төлөө зорьж байгаа Монголын төр, засгийн үүрэг учраас энэ ажлыг хэрэгжүүлэхэд Улс төрийн хилс хэрэгт хэгмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах болно гэдгээ онцоллоо.

Эх сурвалж: MNB.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …