Улсын Их Хурлын 2016 оны 14 дүгээр тогтоолд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоож, УИХ-аас Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 26 дугаар захирамжаар Орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсэг, 43 дугаар захирамжаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай Орд ашиглах гэрээний хэлэлцээний эхний шатыг энэ оны 3 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Канад Улсын Торонто хотод, 2 дахь шатны хэлэлцээг энэ сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлүүлэн хийлээ.
Канадын тал Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орон нутагтай хамтран ажиллах гэрээг нэгэн зэрэг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна.
Ажлын хэсэг Хөрөнгө оруулагч талтай Орд ашиглах гэрээний зүйл, заалт бүрээр нь нарийвчлан хэлэлцлээ. Гэрээний төсөлд Ноён уул орчмын бүс нутгийн соёлын өвийг хамгаалах, сурталчлах “Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг боловсруулж, компанийн зардлаар санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, цэвдгийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гол, ундны усанд үзүүлэх нөлөөллийг хянах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зэрэг заалтууд тусгагдаад байна. Хөрөнгө оруулагч тал ирэх 7 хоногт Монголд хүрэлцэн ирж хэлэлцээг үргэлжлүүлэх юм.