Халимагийн нийслэл Элистэд болж буй ЗХУ-ын баатар Око Городовиковын нэрэмжит чөлөөт бөхийн барилдааны Бүх Оросын тэмцээнд оролцож буй Дагестаны багийн нэгэн тамирчинг Будда бурхныг доромжилсон хэргээр баривчлан саатуулжээ.
Энэ сарын 2-ны шөнө эдүгээ 22 настай Саид Османов хотоор зугаалж яваад нэгэн сүмд орсон байна. Улмаар Буддын том бурхан руу бие хамгаалах урлагийн хэд хэдэн цохилт хийж, бүр хамар луу нь өшиглөж байгаагаа дүрс бичлэгт буулган интернетэд оруулсан нь нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэжээ. Зарим эх сурвалж түүнийг сүмд бие зассан гэж бичсэн байна.
Нутгийн иргэд тамирчны байрлаж байгаа зочид буудлын үүдэнд очиж эсэргүцлээ илэрхийлэн, энэ хүнийхээ төлөө уучлал гуйхыг шаардан, тамирчныг гаргаж ирэн бидний өмнө сөхрүүлэх хэрэгтэй хэмээн хашгиралджээ. Аргагүйн эрхэнд цагдаагийнхан тамирчдын буусан буудлыг хамгаалалтад авахад хүрсэн байна.
Дагестаны засгийн газрын тэргүүн Абдусамад Гамидов өөрөө Элистэд ирж сахилгагүй тамирчныхаа өмнөөс Халимагийн ард түмнээс уучлал гуйжээ. Тэрээр “Энэ бол ёс суртахуунгүй үйлдэл. Хувиасаа ахан дүү Халимагийн ард түмнээс хүлцэл өчиж байгааг минь хүлээн авна уу. Ийм тамирчныг нэр хүндтэй тэмцээнд авч явсан дасгалжуулагчийг ажлаас нь халлаа” гэжээ.
эх сурвалж: medee.mn