Хилийн боомтын тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хилийн хяналтыг ХХЕГ-аас Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газарт шилжүүлсэн. Тэгвэл ИХШХЕГ-ын хяналт шалгалтаас удаа дараа мултарч, хууль бусаар хил нэвтэрдэг байсан Монгол Улсын иргэн Ө-г ОХУ-д саатуулжээ. Тэрбээр өөрийн төрсөн дүү болох Ц-гийн гадаад паспортыг ашиглан 2015-2016 онд Алтанбулаг, Сүхбаатар боомтоор нийт 11 удаа хил нэвтэрсэн байна.
Монгол Улсын иргэн Ө нь 2015 оны гуравдугаар сард ОХУ-д зорчих үедээ оршин суух хугацаагаа гурван хоногоор хэтрүүлсэн тул ОХУ-д нэвтрэх эрхээ 3 жилээр хасуулсан аж. Гэвч тэрбээр өөрийн төрсөн дүү болох Ц-гийн гадаад паспортыг 2015 оны наймдугаар сараас эхлэн ашиглаж, хил нэвтэрдэг болсон байна.
Бид үүнтэй холбогдуулан ИХШХЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдсон боловч тодорхой хариултыг эргэн мэдээлье гэх хариултыг өгсөн юм.
Эх сурвалж: mnb.mn