Эдийн засгийн тоймч Даваашаравын Мөнхчимэгийн бичсэн “Либерализмын бодит төрхтэй танилц” цуврал өгүүллийг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр танилцуулж байна.
Бодлогын хүүг бууруулж, бизнес эрхлэгчдийг дэмжих цаг иржээ
Монголбанк бодлогын хүүг бага ч гэсэн бууруулах болов уу гэх горьдлого бизнес эрхлэгчдийн толгойд эргэлдсээр. Засгийн газар “бүсээ чангалсан”, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан энэ үед тэдний эцсийн найдвар Төв банк болоод буй. Учир нь, мөнгөний бодлогыг зөөллөж байж л арилжааны банкуудын зээлийн хүү жилийн 20 хувиас бууж ирнэ. Тэгэж байж л бизнес эрхлэгчид эргэлтийн хөрөнгөтэй болж, эдийн засагт хувь нэмэр оруулна.
2011 онд 17 хувиас давж байсан ДНБ-ий өсөлт маань одоо гурван хувь болтлоо саараад байгаа шүү дээ.
Гэтэл Монголбанкныхан магнайгаа тэнийтэл баярлана. Инфляцыг долоон хувиас бага байлгах байгаа оносон учраас тэр. Үнэндээ 2007 оноос инфляцыг онилох мөнгөний бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш ийм амжилтад хүрсэн нь ховор. Ховор ч гэж дээ, 2009 онд эдийн засаг хямрах үеэр л инфляц нэг оронтой тоо руу шилжиж байсан удаатай. Тэгвэл энэ жил ч ДНБ-ий өсөлт саарч, хямрахын даваан дээр ирснээс л инфляц бага гарч буй хэрэг. Харин Монголбанкныхан үүнийг өөрсдийн хэрэгжүүлсэн бодлогын нөлөө, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн хэмээн додигор суугаа.
За тэр ч яах вэ, инфляцын эрсдэл нэгэнт холдсон учир мөнгөний бодлогыг зөөллөх боломж бүрдсэнийг олон эдийн засагч сануулж байгааг дуулгая. Монголбанкнаас урьж авчирсан япон эрдэмтэн хүртэл бодлогын хүү хэт өндөр байгааг хэлээд, бууруулах хэрэгтэйг зөвлөж амжсан.
Тиймээс манай Төв банк хэр “зөөлөн чих”-тэйг энэ өдрүүдэд гаргах шийдвэрээс нь мэдэж болох юм. Харин түүнээс өмнө инфляцыг онилох бодлого хэр зөв, зүйтэй юм бэ гэдгийг эргээд нэг харцгаая.
Инфляцыг үзэн ядахуй
Инфляц бол нийгмийн дайсан гэж бид боддог. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр иргэдийн хэтэвч нимгэрдэг учраас аргагүй. Гэвч энэ үзүүлэлт бага байх нь бидний амьдралыг хөнгөлж, амьжиргааг дээшлүүлдэг гэж үнэн үү? Эдийн засгийн өсөлт 17 хувиас давах 2011 оны эцэст инфляц 10.2 хувьтай байжээ. Түүнээс хойш уг үзүүлэлт хоёр оронтой тооноос буухгүй явсаар энэ жил л долоон хувиас доош орж байгаа юм.
Тэглээ гээд таны амьдрал сайжрав уу? Ингэж асуухад олон хүн нэг их ялгаа мэдрээгүйгээ хэлсэн юм. Харин эдийн засгийн өсөлт саарч, зах зээлд мөнгө хомсдсоны хор уршгийг бол энд тэнгүй ярьж, гомдоллож байна. Энэ байдал олон хүнийг өрөнд оруулж, дампууруулж, ажилгүй болгож байгаа учраас тэр биз. Наад зах нь, арилжааны банкууд дахь чанаргүй зээлийн хэмжээ гэрлийн хурдаар нэмэгдэж байна шүү дээ. Харин одоо арай том зургаар нь харъя.
1970 он хүртэл олон улсын хэмжээнд инфляц эдийн засгийн хамгийн том асуудал байжээ.Тиймээс ч 1980-аад оноос хүчээ авсан чөлөөт зах зээлийн бодлого “зэрлэг араатан” болох инфляцыг номхтгох зорилготой байсан юм. Үүний тулд улс орнууд хараат бус, бие даасан Төв банктай болж, Засгийн газар нь хэт их мөнгө үрж, үнэ хөөрөгдөхөөс сэрэмжилж байх учиртай. Тэгээд инфляцыг овоо хараандаа байлгаснаар макро эдийн засгийн товтвортой орчин бий болж, улмаар санхүү, бизнесийн таатай нөхцөл бүрдэнэ хэмээн либерал эдийн засагчид номлох болсон. Эс бөгөөс инфляц нэг л мэдэхэд хяналтаас гарч, Дэлхийн I дайны дараах Герман, Дэлхийн II дайны дараах Унгар шиг юм болно хэмээн айлгаж байлаа.
1923 оны Германд үнэ хоёр өдөр тутамд хоёр дахин нэмэгдэж байсан бол 1946 оны Унгарт инфляц 15 цаг тутамд хоёр дахин өсөж байж. Ийм аймшигаас дэлхий, тэр дундаа хэт инфляцын зовлон амссан монголчууд (“шок эмчилгээ”-ний үр дүнд инфляц 325.5 хувьд хүрч байсан) сүрдэлгүй яах билээ.
Улмаар, 1980 оноос хойш, ялангуяа 1990-ээд оноос эхлэн ихэнх улс орон инфляцад тавих хяналтаа төрийн бодлогынхоо хойморт залах болжээ. Энэхүү тэмцэл цаг хугацаа шаардсан ч инфляцыг ихэнх орон ногтолж чадсан байдаг. Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тооцоолсноор, 1990-2008 оныг 1970-80 онтой харьцуулахад инфляцын дундаж төвшин нийт 162 орноос 97 улсад буурчээ. Харамсалтай нь, энэ бүхний үр дүнд эдийн засаг илүү тогтворгүй болсон юм алга.
Дэлхийн II дайн дууссанаас хойш 1970 он хүртэл ямар ч улсын банкны салбар хямралд өртөөгүйг ОУВС-гийн ахлах эдийн засагч байсан Кеннет Рогоф, Мэрилэндийн их сургуулийн багш Кармен Реинхард нар тогтоосон байдаг. Тэгвэл түүнээс хойш дэлхийн эдийн засаг таван ч удаа хямралтай нүүрлэснийг “Morgan Stanley Investment Management” компанийн хөгжиж буй зах зээлийн хэлтсийн дарга Ручир Шарма бичжээ.
1970-аад оны дунд үед, 1980-аад оны эхээр, 1990-ээд оны эхээр, мөн 2001 болон 2008-2009 онд. Үүнээс үзэхэд, макро эдийн засгийн тогтвортой орчны үндэс, суурь нь нам инфляц гэх номлол худлаа байжээ. Улс орнууд инфляцыг хянахад хэт их анхаарснаасаа болж эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлээ золиосолсон тухай Кэмбрижийн их сургуулийн профессор Ха Жу Чан бичээд, инфляцын эсрэг бодлого хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулалтыг багасгаж, улмаар ДНБ-ий өсөлтөд сөргөөр нөлөөлдөг тухай тайлбарлажээ.
Инфляцыг хүсэмжлэхүй
Улс орнуудын туршлагаас үзэхэд, өндөр инфляц эдийн засгийн эрс өсөлттэй хамааралтай байдаг. Тухайлбал, 1960-1970 онд Бразил Улс ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байхад инфляцын дундаж төвшин 42 хувьтай байжээ. Энэ хугацаанд тус улсын нэг хүнд ногдох орлогын хэмжээ ч хурдтай нэмэгдэж байв.
БНСУ-ын эдийн засгийн эрчтэй өсөлтийн үед ч инфляц 20 орчим хувьд хэлбэлзэж байсан юм. Тэгвэл Бразил Улс инфляцыг онилох бодлого хэрэгжүүлж, амжилтад хүрсэн боловч эдийн засгийн өсөлт нь саарч, хүн амынх нь орлого өмнөх шигээ хурдтай нэмэгдэхээ больжээ.
Өнөө үед ихэнх улсад нам инфляц, эсвэл бүр дефляц ноёрхож байгаагийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт нэг бол саарч, үгүй бол зогсонги байдалд орж, үе үе хямрал нүүрлэх болсон нь тохиолдол биш ажээ. “Энэ бүгд чөлөөт зах зээлийн цогц бодлогын уршиг юм” хэмээн профессор Ха Жу Чан “Капитализмын тухай Танд хэлдэггүй 23 зүйл” номдоо бичсэн байна.
Өмнө нь инфляцыг үзэн яддаг байсан Төв банкууд одоо түүнийг хүсэж, мөрөөдөх нь холгүй болжээ. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн банк инфляцыг хоёр хувьд хүргэх зорилго тавьсан ч түүндээ хүрч чадахгүй явна.
Япон, Европын Төв банк ч мөн адил, дефляцтай тэмцэхийн тулд аргаа барж, зогсоо зайгүй мөнгө хэвлэж, Засгийн газрын бонд худалдан авч байна. “Quantitative Easing” гэх энэхүү мөнгөний уламжлалт бус бодлогыг өмнө нь АНУ хэрэгжүүлсний ачаар өнөөдөр эргээд дэлхийн эдийн засгийн “зүтгүүр” болсон шүү дээ. Энэ нь бусад улсын Төв банкийг шинэ зам руу залж байгаа юм.
Хэт өндөр хүү
“Би бол Монголд бодлогын хүү хэт өндөр байна гэж харж байгаа” хэмээн Монголбанкны урилгаар манай улсад ирсэн Киотогийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Макото Яно хэлсэн юм. Бодлогын хүү, эдийн засгийн өсөлт харилцан хамааралтай байх ёстойг тэрбээр тайлбарлаад, ДНБ-ий өсөлт саарч байгаа энэ үед хүүг ч мөн зохих ёсоор бууруулах нь зүйтэйг сануулсан. Тиймээс л бусад улсын Төв банк мөнгөний бодлогоо зөөллөх аянд нэгдээд буй аж.
Энэ онд эдийн засгийн өсөлт маруухан байх “зурхай” буусан тул тэд зах зээлдээ илүү их мөнгө нийлүүлж, бизнес эрхлэгчдээ дэмжиж буй хэрэг. Тухайлбал, хойд хөрш маань он гарсаар бодлогын хүүгээ таван ч удаа бууруулж, 11 хувь болгоод буй. ОХУ-ын хувьд инфляц, валютын ханшийн эрсдэл манайхыг бодвол хавьгүй өндөр байгааг сануулах юун. Тэгвэл урд хөрш маань өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш мөн л таван удаа бодлогын хүүгээ намсгаж, 4.6 хувь болгосон.Харин Монголбанк тэс өөр бодлого хэрэгжүүлсээр өнөөдөртэй золголоо.
ДНБ хоёр оронтой тоогоор өсөж байх үед Монголбанк мөнгөний нийлүүлэлтээ нэмж байсан нь цөөнгүй эдийн засагчийн шүүмжлэлийн бай болсон. Тухайлбал, 2012 оны сүүлчээс Төв банк Засгийн газартай хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, бодлогын хүүг бууруулсан. Үр дүнд нь мөнгөний нийлүүлэлт хэт ихээр нэмэгдэж, эдийн засаг хөөсрөхөд хүрсэн гэдэг.
Тэр үеэс дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ хямдарч, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч эхэлсэн болохоор л мөнгөний бодлогыг зөөллөж, ДНБ-ий өсөлтийг дэмжсэн тухай Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар тайлбарлаж байв.
Гэхдээ тухайн үед Чингис бонд, Самурай бонд гээд эдийн засагт нийлүүлэх мөнгөний эх үүсвэр хангалттай байсан шүү дээ. Харин өнөөдөр шал өөр нөхцөл байдал бий боллоо.
Хоёр оронтой тоогоор л хэмжигддэг байсан ДНБ-ий өсөлт энэ оны эхний хагас жилд гурван хувь болтлоо саараад буй. Гэтэл Засгийн газрын өр “таазандаа тулсан” учраас гадаад зах зээлээс мөнгө босгож, эдийн засгаа аврах боломжгүй. Тиймээс ч Сангийн яам “бүсээ чангалсан” бөгөөд дахиад ч төсвийн тодотгол хийж, зарлагаа танах нь тодорхой болоод байна. Гэтэл Монголбанк ч мөнгөний бодлогоо чангалчихсан байгаа. Тодруулбал, бодлогын хүүгээ хоёр ч удаа нэмж, 13 хувьд хүргэсэн. Үүний үр дүнд арилжааны банкуудын зээлийн хүү өсөж, нөхцөл, шаардлага нь улам хатуу болсон юм.
Жилийн өмнө 40-50 хувиар өсөж байсан зээлийн өсөлтийн хурдац өнгөрсөн зургаадугаар сард 2.9 хувиар буурчээ. Дээрээс нь, арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 20 хувьд хүрсэн байгаа. Ийм өндөр хүүтэй зээл аваад, бизнес эрхэлнэ гэдэг бэрх даваа. Үүний зэрэгцээ, Төв банкны бодлогын хүү 13 хувь байхад Засгийн газрын бондын хүү түүнээс ч өндөр байх нь аргагүй.
Тиймээс ч арилжааны банкууд эрсдэл ихтэй зээл гаргаж байснаас Төв банкны үнэт цаас, Засгийн газрын бондод хөрөнгө оруулахыг илүүд үзэх болсон. Ямар ч эрсдэлгүйгээр ашиг олох сайхан боломж шүү дээ. Энэ оны эхний хагаст л гэхэд банкууд (татан буугдсан банкуудыг хассанаар) 182.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь жилийн өмнөхөөс 22 хувь буюу 33.5 тэрбум төгрөгөөр өндөр үзүүлэлт юм.
Бизнес эрхлэгчдэд нь мөнгө олддоггүй, эдийн засагтаа хувь нэмэр оруулж чаддаггүй. Гэтэл арилжааны банкууд нь ашиг олоод байдаг. Энэ байдалд цэг тавихгүй бол ДНБ маань тэлэх биш, хумигдаж, хямрахад ойрхон иржээ. Учир нь, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт (М2) өнгөрсөн долоодугаар сард 2.1 хувиар буурсан байгаа юм. ДНБ 1.3 хувиар унасан 2009 онд л мөнгөний нийлүүлэлт хумигдаж байсан бөгөөд түүнээс хойш бараг байнга л хоёр оронтой тоогоор өсөж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, монголчууд хэдийнэ мөнгөний хомсдолтой нүүрлэсэн. Харин одоо түүнийг арилгах цаг иржээ.
Эх сурвалж: zaluu.com