УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс Сонгуулийн тухай хуульд заасан ажлуудыг хуулийн хугацаанд нь амжуулж зохион байгуулж байна. Тухайлбал, УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг товлон зарлуулах саналаа УИХ-д хүргүүлээд байна. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 30 гаруй журмыг боловсруулсан. Сонгуулийн зардлын тухайд 16.4 тэрбум төгрөг гэж батлаж өгсөн. Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж өгнө үү” гэсэн саналыг гаргасан юм. Энэхүү асуудлаар хэлэлцэж буй асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс дараах асуултад хариулт авлаа.
-Сонгуулийн зардлын хэмжээ 16.4 тэрбум төгрөг гэдэг эдийн засаг хүндэрсэн, сурталчилгааны өдрүүд цөөн хамрах хүрээг хязгаарласан үед их мөнгө биш гэж үү?
-Энэ жилийн тухайд сонгогчдын тоо нэмэгдсэн төдийгүй өмнөх жилүүдэд ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, засварлах зайлшгүй шаардлага бий болоод байна.
-Сонгуульд оролцох насны хүмүүсийн тоо хэд гэж гарсан бэ?
-Одоогийн байдлаар хоёр сая гаруй сонгуулийн насны иргэн бий гэсэн тоо гарсан. Өнгөрөгч сонгуулиар 1.8 сая гаруй мянган сонгуулийн насны иргэн байсан бол энэ удаагийн сонгуулиар сонгогчдын тоо нэмэгдсэн.
Эх сурвалж: Zaluu.com