Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Улаанбурхан, Томуу, томуу төст өвчний талаарх мэдээллийг сонслоо.
Хуралдаанд асуудлыг Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцууллаа.
2010-2014 онуудад Монгол Улсад Улаанбурханы өвчлөл бүртгэгдээгүй тул 2015 оны 03 дугаар сард Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Улаанбурхан өвчнийг тууштай бууруулсан” гэсэн батламжийг авч байсан. Гэвч 2015 оны 03 сарын 18-нд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Улаанбурханы анхны тохиолдол мэдээлэгдсэн. Тус өвчин нь БНХАУ, ОХУ болон дэлхийн 110 гаруй оронд бүртгэгдээд байна. Өвчлөлийн шалтгаан нь БНХАУ, ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирснээс гадна дархлаажуулалтад хамрагдаагүй, дархлаа нь суларсан хүмүүсийн бүлэг бий болсонтой шууд холбоотой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 2015 оны 05 дугаар сарын сүүлээс 6 сартайгаас 6 нас хүртэлх 156322 хүүхдийг Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд хамруулсны дараа өвчлөл буурч эхэлсэн. Харин 2016 оны 02 дугаар сараас 15-29 насны оюутан залуучуудын дунд өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг уртасгах, Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгийг шийдвэрлэж орчин үеийн идэвхтэй халдваргүйжүүлэлтийн бодисыг нийслэлийн харъяа ЭМБ-уудад хуваарилжээ. Голомтын идэвхтэй хэсэгт багтаж буй их, дээд сургууль, ЕБС-ийн ахлах анги, албан байгууллагын 27331 иргэнийг вакцинжуулсан байна. Цаашид 2016 оны 05 дугаар сараас эхлэн 18-30 насны иргэдийг Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хуралдааны үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх иргэдийн тоо буурахгүй, өвчлөгчдийн нас залуужиж 13-14 насны өсвөр насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгдэж байгаа талаар нэмэлт мэдээлэл өглөө.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар мэдээллийн дагуу дархалт ихтэй байгаа өвчний тархалтыг бууруулах асуудлаар онцгой анхаарч, бэлгийн замын халдварт өвчний асуудлаар тусгай арга хэмжээ авч холбогдох газруудтай хамтран ажиллах үүргийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийгэм эрүүл мэнд
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …