Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж. Тэд судалгаандаа 70 гаруй хүнийг хамруулж, ганга өвсний ханд уулгасан байна. Судалгаанд оролцогсод архинд донтох өвчний I, II, III үед орсон, шартах хам шинжийн өвчтэй, архины солиоролтой өвчтнүүд байжээ. Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc), профессор, академич Л.Эрдэнэбаяр дээрх судалгааг удирдаж явуулсан төдийгүй эмчилгээний үр дүн нотлогдсон учир 2000 оноос архинд донтолтыг гангаар эмчлэх патент авсан байдаг. Архины эсрэг янз бүрийн эм хэрэглэж, түүнээсээ харшил авсан хүмүүс цөөнгүй байдаг бол ганга өвс хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй бөгөөд эмчлүүлэгчид ч ганга өвсний ханд уухдаа дуртай байдаг гэнэ.
Ганга өвс бол уушигны эм
Ганга өвс нь амьсгалын дээд, доод замын халдварт өвчнүүдэд нэн сайн бөгөөд сарын тэмдгийн үеийн өвдөлт, хар дарж зүүдэлдэг хүмүүст тустай байдаг. Ганга өвсийг дээрх өвчлөлүүдэд ханд бэлтгэж, утлага хийж, хоолойгоо зайлах зэргээр ашиглаж болно. Нэг аяга халуун усанд 1 цайны халбага хатаасан ганга хийж, таглаад 10 минут байлгасны дараа ууна.
Гангаар хамраа утахдаа өвсөө усандаа хийлгэж, байлгасны дараа амьсгална.
Ганга өвсийг хандалж, хоолойгоо зайлахад нян устаж, үрэвсэл дардаг байна. Мөн ходоод, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн. Ганга өвсийг нь хор тайлах, хижиг, ханиад дарах, халуун суулгыг зогсоох, арьсны өвчнүүдийг анагаах чадалтайд тооцож, түүний цэцэг, навчийг арьсны янз бүрийн өвчнүүд, гэдэсний цагаан хорхой, халуун, ханиад зэргийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн ганганы шингэн хандаар нүд өвдөх, залгиур хоолой, амны салст, шарх зэргийг эмчлэхэд зайлах, угаах, шавших журмаар гадуур хэрэглэдэг байна.