МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, дэд дарга Б.Тулга, хуульч нар Н.Энхбаярын хамгаалагчийг баривчилсан болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга “МАХН-ын даргын бие хамгаалагчийг өнгөрсөн баасан гарагт гэрчийн мэдүүлэг авъя гэж АТГ-аас дуудаж баривчилсан. Энэ үйл явдал сонгууль болгоны өмнө Н.Энхбаяр даргыг, МАХН-ын сонгуульд оролцуулахгүй байх, улс төрийн үйл ажиллагааг нь зогсоох үйл ажиллагааны үргэлжлэл болж байгаа нь харагдаж байна. М.Мөнхөө улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй нэгэн. Гэтэл Н.Энхбаяр даргыг улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглохын тулд эргэн тойрных нь хүмүүсийг хэлмэгдүүлж, дарамт үзүүлж байгааг бид эсэргүүцэж байна” гэв.
М.Мөнхөөг өнгөрсөн баасан гарагт АТГ-аас баривчилж цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад улмаар Төв аймгийн Хорих анга руу шилжүүлжээ.
М.Мөнхөө нь хөлдөө бэртэл авсны улмаас гэрээр эмчлүүлж байжээ. Энэ үед нь АТГ-аас тодорхой асуудлаар мэдүүлэг авъя хэмээн дуудаж авчрангуутаа шууд хорьсон байна. Намынхаа даргын бие хамгаалагчтай уулзах хүсэлтийг З.Баянсэлэнгэ болон О.Баасанхүү нарын зүгээс тавьж байгаа аж. Мөн дөрөвдүгээр сарын 12-нд Н.Энхбаярыг баривчилж байсныг сануулж, МАХН-аас жагсаал хийхээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Zaluu.com