Хаврын чуулган нээлтээ хийж, З.Энхболдыг албан тушаалаасаа татгалзахыг шаардсан долоо хоног

146017064157086f91ec782Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн ээлжит чуулган болох Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 5-нд гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ.

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлаас томилогддог болон ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлагууд, мөн улс төрийн намуудын төлөөлөл, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүн нар оролцсон юм.

“Давхар дээл”-ийг тайлахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Тус хуулийн төсөл нь өнгөрсөн жилийн хаврын чуулганаар хэлэлцэгдсэн ч гишүүд дэмжилгүй “унагасан”. Тодруулбал, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглосон байсан бөгөөд хэрэв уг хуулийн төсөл батлагдвал тухайн үеийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох байсан юм. Харин энэ удаад Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд нь УИХ-ын гишүүн байж болохоор тусгасан бөгөөд бусад сайд нарыг парламентын гаднаас томилохоор заасан байна. Өөрөөр хэлбэл дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байж болно гэсэн үг юм.

Ирэх сонгуульд улсын төсвөөс 16.4 тэрбум төгрөг зарцуулахаар баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.

Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 тэрбум 453 сая 912 800 төгрөгөөр тогтоох саналыг УИХ-д оруулж ирсэн юм. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан гаргасан сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн УИХ тухай бүр батална” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардлыг тогтоосныг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Ингэснээр 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад улсын төсвөөс энтой улсын 16 тэрбум 453 сая 912 800 төгрөг зарцуулах болсон юм.

З.Энхболдод албан тушаалаасаа татгалзах шаардлагыг гардууллаа

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардсан шаардлагыг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод гардуулж өгсөн. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “УИХ-ын дарга З.Энхболд энэ албан тушаалд хууль зөрчиж томилогдсон. Томилогдсоны дараа МАН-ыг бүлэггүй байлгах, гишүүдийн байнгын хороонд харьяалагдах эрхийг хязгаарласан. УИХ-ын гишүүдийн хэлсэн үгэнд тайлбар хийж, доромжлох үйлдэл газар авсан. Зайлшгүй шаардлагатай бус асуудлуудыг хэлэлцэх гэж ээлжит бус чуулганыг удаа дараа зарладаг болсон. Ээлжит бус чуулганаар авлигачдыг өршөөх, сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хамгийн сүүлд УИХ-ын дарга үүссэн улс оронд нь цөмийн хог хаягдлыг булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэх гэж оролдлоо. Иймээс УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй хэмээн үзэж огцруулах асуудлыг тавихаар болсон” гэсэн юм.

Тариаланчдад 50 тэрбумыг олгохоор болов

Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр жил хүртэлх хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн билээ.

Тэгвэл Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 100 биш, 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор болжээ. Энэхүү зээл нь зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдах бөгөөд ХХААЯ-ны зүгээс тариалан эрхлэгч 1500 гаруй иргэн, аж ахуй нэгж, компаниудын нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлжээ. Зээлийг Худалдаа хөгжил, ХААН, Голомт зэрэг арилжааны банкуудаар дамжуулан олгох тул тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд зээлийн материалаа бүрдүүлэн банкуудад хандах хэрэгтэй.

Хар тамхи хэрэглэдэг бүлэглэлүүдийг баривчиллаа

Эрүүгийн цагдаагийн хар тамхитай тэмцэх хэлтэс тусгай ажиллагааны газартай хамтран хар тамхитай тэмцэх ажиллагаа зохион байгуулжээ. Үүний үр дүнд хэд хэдэн хар тамхи хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.

Одоогоор тэднийг саатуулан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд нийт 10 гаруй хүн саатуулаад байгаа аж. Манай улс хар тамхийг шинжилдэг хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн иж бүрэн багажтай болсон. Энэ ч хэргийн илрүүлэлтэд сайнаар нөлөөлж байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Энэхүү багаж нь АНУ-ын “Термофишер” компанид хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн бөгөөд тус иж бүрдэлд олон улсад ашиглаж байгаа “Теронарк” гар багаж гурав, тестэр бүхий иж бүрдэл цүнх хоёр багтсан байдаг аж.

Ихэр ботго төржээ

Гуравдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн малчин Д.Оргодолын бор ингэ ихэр ботго гаргажээ.

Д.Оргодол гуай 2014 онд аймгийн сайн малчин болж байсан  төдийгүй 2015 оны мал тооллогын дүнгээр 1000 гаруй мал тоолуулсан аж.

Тэднийх сумын төвөөсөө баруун хойш 30 орчим км газарт хаваржиж байгаа бөгөөд  бог мал нь төллөөд дуусаж байгаа аж.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …