Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлттэй холбогдуулан хот, суурин газруудын төлөвлөлтийг орчин үе, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгож сайжруулах, газар ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. 1996 оноос хот байгуулалт болон газрын суурь хуулиуд батлагдан мөрдөгдөж байгаа боловч хотыг дахин хөгжүүлэх, газрыг шинэчлэн зохион байгуулах асуудал орхигдсноос хот суурин газрын агаар, хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их болоод байгаа юм. Улаанбаатар хотод 2000 оноос хойш гэр хороолол ихээхэн тэлж, төлөвлөлтгүй бүсэд 15 гэр хороолол шинээр үүссэн бөгөөд хот суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх зорилгоор архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн барилгажуулах, тохижуулах, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөн олговортойгоор солих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хот төлөвлөлт, бүтээн байгуулалтанд төвлөрүүлэх харилцааг одоо мөрдөгдөж байгаа хуулиудаар зохицуулах боломжгүй болоод байна. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, тосгоны барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг баталлаа. Энэ журам хэрэгжиж эхэлснээр албан ёсны хаягжуулалт хийгдэж, хаягийн мэдээллийн нэгдсэн сан, стандарттай болох юм. Хаягийн нэгдсэн систем нь байрлал тодорхойлох солбицлын системд геодизийн хэмжилзүйгээр илэрхийлэгдэх шаардлагатай бөгөөд ингэснээр хүн ам, үл хөдлөх хөрөнгө болон бусад бүх төрлийн төрийн бүртгэлүүдийг орон зайн байрлалд суурилан хийж, төрийн бүхий л үйл ажиллагаанд байршлаас хамаарсан оновчтой, үр дүнтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх юм. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт үүрэг болголоо.
ТОВЧХОН:
- Баян-Өлгий аймагт гарсан олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрч, мал амьтны хорио цээрийн дэглэмийг чангатган, голомтыг устгах, мал сүргийг дархлаажуулах, өвчний гаралт, тархалтад тандалт судалгаа хийж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.
- Төрийн албаны төв байгууллагуудын ээлжит “Төрийн албаны Мерит тогтолцоо: туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалтыг 2013 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдөд Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд шаардлагтай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах боллоо.
- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдааныг 2013 оны 8 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Прага хотноо зохион байгуулж, уг хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв.
- Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах боллоо.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөнд тусгадсан арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, иргэний нийгмийн оролцоотойгоор салбар, орон нутгийнхаа түвшинд хэрэгжүүлэх ажлыг нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан баталж хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
- Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг нийгмийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны 2013 оны баталсан төсвийн хэмнэгдсэн зардалд багтаан зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа.