МАН-ын бүлэг УИХ-ын даргыг Ээлжит бус чуулган зарлаж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж буруутгасан. Үүгээрээ МАН-ын бүлэг төрийн эрх барих байгууллагын хооронд зохиомол хэрэг үүсгэж, улс төрийн ашиг хонжоо олохыг санаархаж байгаа хууль бус үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэжээ.
Цөмийн хаягдлыг хориглох хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлснийг МАН-ын бүлэг мэдэн будилж, гуйвуулан тайлбарлаж байгаа нь асуудлыг шийдвэрлэх гэхээсээ илүү шийдвэрлэхгүй байх, ээлжит бус чуулганд оролцохгүй буруугаа улстөржүүлэн халхавчлах гэсэн явуургүй оролдлого гэж харагдаж байгааг АН-ын бүлэг онцолжээ.
“МАН-ын бүлэг шаардлагадаа “Монгол оронд хэрэг дээрээ фашист, коммунист маягийн дэглэм тогтох хөрс суурь бүрдлээ” хэмээн нийгмийг өдөөн хатгасан улс төр төрийн маш хариуцлагагүй дүгнэлт хийжээ. Нийгмийг хагалган бутаргах санаа агуулсан, иргэдэд айдас төрүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн тогтолцоог үгүйсгэсэн улс төрийн алдаатай мэдэгдлийнхээ хариуцлагыг олон нийтийн өмнө МАН хүлээх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Энэхүү хариуцлагагүй мэдэгдлээс үүсэх хортой үр дагавар, хохирлыг МАН хүлээх ёстой” гэж АН-ын бүлэг үзжээ.
Үүнээс гадна МАН удаа дараа ирцээрээ бойкот хийж байгаа үйлдлийг парламентын түүхэнд байгаагүй, сонгогчдын сонголтод хүндэтгэлгүй хандсан хариуцлагагүй үйлдэл гэж дүгнэж байгаагаа мэдэгдсэн байна.
Эцэст нь УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлага нь УИХ-ын даргын зарчмын шаардлагад эмзэглэсэн, үйл ажиллагааг нь зориуд мушгин гуйвуулсан, бодит баримтгүй, хувь хүний нэр төр болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон агуулгатай, утга авцалдаа муутай, сонгууль дөхсөнтэй холбогдуулан хийсэн улс төрийн тоглолт гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.