Макаогийн цагдаа нар бүлэглэн хулгай хийдэг монголчуудыг илрүүлжээ. Тодруулбал, цагдаа нар хүнсний дэлгүүрээс алдагдсан гар утасны мөрдлөг хийх явцдаа хулгайн бүлэглэлийг өчигдөр барьсан байна.
Дөрөвдүгээр сарын 6-нд нэгэн дэлгүүрийн худалдагч гар утсаа хайгаад олоогүй тул цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар тэр дор нь хяналтын камерны бичлэгийг шалгахад 30 орчим насны хоёр Монгол залуу хулгайлсан нь илэрчээ.Үүний маргааш цагдаа нар камерын бичлэг дээрх нэг залуутай төстэй царайтай этгээдийг олж саатуулсан гэнэ. Ингээд түүнийг байцаах явцад гэрээс нь нөгөө Монгол залууг олжээ. Үүнээс гадна тэдний амьдарч байгаа байранд өөр дөрвөн эмэгтэй амьдарч байсан нь бүгд монголчууд байжээ.
Тэдний байрнаас хулгайлагдсан их хэмжээний хувцас, үнэт эдлэл зэрэг олдсонбөгөөд хулгай хийхдээ ашигладаг багаж, төхөөрөмжүүд ч илрүүлсэн байна. Үүнд дэлгүүрийн хаалганы дохиоллыг нэвтэрдэг хамгаалалттай цүнх хүртэл байжээ.
Эмэгтэйчүүдийн нэг нь визний хугацаа хэтэрсэн болохыг ч тогтоосон байна. Түүнчлэн тэдний байрлаж байсан байрыг эзэмшигч нь Хятад хүн бөгөөд нэгэн Монгол хүнд түрээсэлсэн аж..
Гэмт этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэж Макаогийн Цагдаагийн газар мэдээлжээ.
эх сурвалж: eagle.mn