Францын Доль хотын нэгэн оршин суугч өөрийн байгуулсан нарийн боовны цехийг нутгийн нэгэн орон гэргүй эрд бэлгэдлийн нэг еврогийн үнээр худалджээ. Өнгөрсөн оны сүүлийн сард Мишель Фламан гэдэг энэ эр золтой л угаартаж үхээгүй юм. Тэгэхэд мань хүнд 37 настай орон гэргүй эр Жером Окан тус болжээ. Сайн эр онцгой байдлын алба руу утасдсанаар 62 настай нарийн боовчныг үхлээс аварсан аж. Хохирогчийн хэлснээр бол пийшинд нь асуудал гарснаар угаарын хий өрөөн дотуур тархсан байна.
Бизнес эрхлэгч эр эмнэлгээс гарч ирээд орон гэргүй эрд талархсандаа түүнийг ажилд авчээ. Окан ажилдаа их амархан дадлагажсан бөгөөд өгсөн үүрэг даалгавруудыг тун ч сайн биелүүлж байсан гэнэ. Тийм учраас Фламан мундаг шавьдаа бизнесээ худалдах шийдвэрийг гаргажээ. “Надад мөнгө сонин биш. Эрх чөлөө хэрэгтэй байна. Би амрахыг хүсэж байна. Би одоо тайван байж болно. Жером ч сайхан амьдраг л дээ” хэмээн Фламан хэлсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn