Ийм асуултын тэмдгүүд АН-д олон. Эдгээр асуултын тэмдгүүд нь бүр анхаарлын тэмдэг болж өөрчлөгдөж байх шиг. Өнгөрсөн долоо хоног АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулж байна. Улс төрийн энэ хуйвалдаан бүхний цаана байгаа хүнийг өнөөдөр түүн шиг ил цагаан нэрлэх хүн байхгүй байгаа. Иймд би өөрийн амаар энэ хүн бол Ц.Элбэгдорж юм гэдгийг хэлье” хэмээн мэдэгдэж анхаарлын төвд орсон. Уг нь энэ хоёр хүн хоёулаа АН-ынх. Ийм байтал АН-ын гишүүд эрх мэдлийн эрэмбээс болж өөр хоорондоо хэмлэлдэж буй нь АН-ын одоогийн удирдлагад ёстой л асуултын тэмдэг болж байгаа байх.
Н.Алтанхуягийн мэдэгдэл нийгмийг гайхшруулж, яагаад Ерөнхийлөгчийг ингэж хэлэх болов, үүний ард юу байна гэж бодогдоход хүргэсэн. Энэ шуугиан намжиж дуусаагүй байтал Х.Баттулга гишүүний хоёр компанид санхүүгийн шалгалт оров. Ингэхдээ цагдаа тусгайгийнхнаар хамгаалуулсан нь Х.Баттулгыг баривчлах гэж байна гэх сүржин мэдээлэл рүү хальтирахад хүргэсэн юм. УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд АН дотор мөн л асуултын тэмдэг болчихсон. Тэр намын бүлгийнхээ хурлын үеэр намаасаа гарч, бие дааж нэр дэвшинэ ч гэж хэлсэн юм билээ. Ингэж дотроо “хөлөө жийлцэж” байгаа нь АН-ын нэр хүндийг унагасаар.
Уг нь АН-ынхан эвлэрчихсэн юм гэсэн. Тэд Их тэнгэрт хуралдах үеэрээ асуудлаа ярилцаж, эвлэрсэн гэдгээ зарлаж, сонгууль дуустал намынхаа эрх ашиг, эв нэгдлийн төлөө нэг зүг рүү харна гэж тохиролцсон юм байх. Гэтэл ийм мэдээ гарч дуусаагүй байтал намдаа асуултын тэмдэг болсон нөхдүүд ээлж дараалан өөрсдийн улс төрийн “жүжиг”-ээ тавьж эхэлсэн. Бас болоогүй прокуророос гурван ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг хүргүүлсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Энэ үнэн бол бас л асуудал үүснэ. Иймд АН-ын дарга нам доторх асуултын тэмдгүүдээ цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхгүй бол АН-ын төлөө гар өргөх иргэд үгүй болох биз ээ.
Эх сурвалж: Цэнзургүй.мн