АТГ-ын дарга Н.Ганболд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтэй байгаагаа уламжлан өргөдөл өгсөн. Асуудлыг яаралтайгаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдаанд оруулахаар гишүүд санал нэгдсэн. Энэ хооронд амжуулж, Ерөнхийлөгч өөрийн санал болгосон хүний хүсэлтийг хүлээж авч, дараагийн даргыг томилох хүсэлтээ УИХ-д өгөх шаардлага үүсээд байгаа юм.
Сонгуулийн жил АТГ-ынхан улстөрчдийн талаарх гомдол, материалд дарагдаж, нэлээд ажилтай байдаг жишиг өнгөрсөн сонгуулийн үеэс эхэлж тогтчихсон гэхэд болно. Тэр ч утгаараа улс төрийн зорилгоор гэж хардагдахаар хэд хэдэн хүнийг шалгаж, саатуулаад байгаа. Энэ бүхний үр дүнд АТГ-ын даргад янз бүрийн дарамт, шахалт ирсэн байхыг үгүйсгэх боломжгүй учир ямар шалтгаанаар Н.Ганболд дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн нь тодорхой бус. Түүнийг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргасан уу аль эсвэл өрөөлийн дарамтаар уу гэдэг асуулт тэнэж явна.
Ямар ч шалтгаантай байсан бай ажлаасаа чөлөөлөгдөх нь тодорхой болсон Н.Ганболдын оронд Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурцыг томилж магадгүй гэсэн таамаглал гараад байна. Тэрбээр 45 настай Монгол Улсын иргэн, төрийн албанд 15 жил ажилласан гэдэг утгаараа АТГ-ын даргын албан тушаалд бүрэн тэнцэж байгаа. Өмнө АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан гээд тоочоод байвал ямар ч асуудалгүй хүн.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг тус газрын даргын суудлыг авах тохироо хийсэн тухай мэдээлэлд Х.Тэмүүжин гишүүн үгүйсгэсэн хариулт өгсөн. Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг энэ албан тушаалд очих тухай мэдээлэл гарсан ч тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд Эрдэнэтэд нэр дэвшихээр горилж байгаа учир боломжгүй гэдэг утгаар Ерөнхийлөгчид Б.Хурцаас өөр АТГ-ын даргаар томилуулахаар санал оруулах вариант байхгүй гэсэн үг. Хэрэв Б.Хурц АТГ-ын даргаар томилогдвол Ерөнхий сайдад Тагнуулийн ерөнхий газрын даргыг томилох үүрэг ногдох нь ээ.
эх сурвалж: цэнзүргүй.мн