Фракцгүй ардчилсан намын төлөө уриан доор байгуулагдсан АН дахь отгон фракц бол МоАН санаачилга. Г.Батхүү, Лу.Болд нарын байгуулсан МоАН санаачилга нь нэдэр дээрээ эрх ашгаараа нэгдсэн Алтангадас, МҮДН, МоАХ, Шонхор лугаа фракц гэдэг нь өнгөрсөн хугацаанд тодорхой болсон. Товчхондоо, МоАН санаачлага бол АН-д гомдсон, нам дотроо нөлөөллөө алдсан, өнөө маргаашгүй АТГ-д шалгагдаж Ганц худаг руу ачигдаж магадгүй хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл гэдгийг улстөр судлаачид өгүүлж байна. Тэд байдал хэцүүдвэл алсдаа МоАН гэх нам байгуулан АН-аас салан тусгаарлах холын зорилгыг өвөрлөж байхыг ч үгүйсгэхгүй.
Г.Батхүүгийн тухайд өнгөрсөн сонгуулиар Өвөрхангай аймагт дахин нэр дэвшиж ялагдал хүлээсэн ч, Хан-Уул дүүргийн “шүүхийн шийдвэр”-ээр гишүүн болсон нэгэн гэдгийг олон түмэн мэднэ. Тэрбээр энэ сонгуульд АН-аас тойрогт нэр дэвших шаансгүй улстөрчдийн нэгээр нэрлэгдэж байгааг улстөрийн хүрээнд ярьж байна. Гэсэн хэдий ч намдаа үлэмж хэмжээний хандив өргөж жагсаалтын эхний тавд бичигдэхээр хөөцөлдөж байгаа гэх мэдээлэлийг эх сурвалж өгч байгаа юм.
Г.Батхүү УИХ-ын гишүүний ширээ, сандалтай ийнхүү үхэн хатан зууралдах болсон шалтгаан нь үндсэндээ АПУ компанитай салшгүй холбоотой. Учир түүнийг улстрөөс нэг л алхам хөндийрөх аваас өст дайсан Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нарын зүгээс “Архины хяналтын тухай хууль” гэгчийг УИХ-аар батлуулан АПУ компанийг хүнд байдалд оруулна гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Иймээс тэр ямар ч үнээр хамаагүй гишүүн болохоор зүтгэдэг юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ сарын 7-ний өдөр тохиосон АН-ын 26 жилийн ойг МоАН фракцийнхан Тэрэлжид тэмдэглэсэн гэнэ. Тэдний энэхүү найранд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар хүрэлцэн очиж таанц эргэсэн талаар иргэд цахимд бичжээ. Эндээс харахад Оюутолгойг тавьж туусан (Тавантолгойг тавьж туухаар зэхэж буй) Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анд нөхөр С.Баярцогтынхоо нэгэн адил мөн л МоАН фракцийн хатавчийг бараадахаар шийдсэн бололтой.
Дашрамд дуулгахад, МоАН фракцид АН-ын ҮЗХ-ны 70 гишүүн багтдаг агаад УИХ-ын гишүүн А.Бакей, Г.Батхүү, Лу.Болд, Ц.Оюунгэрэл, С.Баяцогт, Х.Тэмүүжин, Г.Батчимэг, Ш.Түвдэндорж нар албан ёсоор харьяалагддаг юм байна.
Х.Онон Эх сурвалж: Zaluu.com