Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших дэлхийд ховорхон тогтоцтой хад байдаг нь “Соронзон” юм. Уг хадыг эрт үеэс шүтэн биширч ирсэн төдийгүй уламжлалт анагаах ухаанд ч хэрэглэж иржээ. Нутгийн ардууд Соронзон хаданд ирж үе мөч, гар хөл, нуруу бөөрний өвчнөө засдаг байна. Цус харвасан хүн хүртэл эмчилгээ засал авдаг аж.
Харин өвчнөө анагаахын тулд Соронзон хадан дээр хэвтэх, суух, ойр орчмын шороогоор биеэ булах, хажууд нь урсах Төмөртэйн голоос ундаалах зэргээр өөрөө өөрсдийгөө эмчилдэг байна. Энэхүү хад нь бусад хадтай адил энгийн харагддаг ч дэргэд нь очоод ямар нэгэн төмрийн зүйл хүргэхэд соронздон наалдуулдаг байна. Хамгийн сонирхолтой нь цаг зүүсэн хүн очвол цаг нь зогсдог аж.
Сүүлийн үед Соронзон хад олны анхаарлын төвд байгаа Төмөртэйн ордын гол цөм хэсэгт байрладаг тул цаашид олборлолт хийгдвэл сүйтгэгдэн үгүй болох аюулд тулаад байгаа. Дэлхийд тун цөөхөн байдаг соронзон орон хүчтэй үүсгэх чадалтай байгалийн хад Монгол орны маань нэгэн бахархал юм.
Эх сурвалж: Zaluu.com