АТГ-ын дарга Н.Ганболдыг чөлөөллөө

1460603287570f099751a53

УИХ-ын чуулганы хуралдаанаар Авилгатай тэмцэх газар/АТГ/-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн 75.4 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бүрэн эрхийн хугацаа тань дуусаагүй байхад албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон шалтгаан юу байв. Таныг хэн нэгэн дарамталсан уу. Төрөөр бизнес хийдэг, хууль хяналтын байгууллагаар зэвсэг хийдэг байгууллага, иргэдийг хэлж тус болооч. Авлигатай тэмцэхэд саад болж байгаа бэрхшээлүүдийг зүрхшээлгүй хэлж тус болно уу.

Оффшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээний мөнгө аваачиж нуугаад байгаа. Энэ асуудалд АТГ юу хийснээ хэлж тус болно уу” гэж асуусан юм.

Энэхүү асуултад АТГ-ын дарга Н.Ганболд “Дарамт шахалтын хувьд би өөрөө төрийн тусгай албанд олон жил ажилласан хүний хувьд энгийн байгууллагын иргэдийн сэтгэлзүйгээс хатамжтай болсон байна. Ямар нэгэн асуудлыг тэр бүр дарамт гэж хүлээж авдаггүй. Энэ алба бол тун хүнд алба. Олигархуудыг нэрлэх боломжгүй байна. Энэ нэр томъёо бол улс төрийн хүрээнд яригддаг зүйл шүү дээ. Гадаад дахь оффшор дансан дахь мэдээллийг судлахад тун төвөгтэй байдаг юм билээ. Яам агентлагийн зарим дарга нарын сонирхлын зөрчлийн улмаас томилсон асуудал байдаг. Энэ асуудлыг С.Баярцогт даргад илгээсэн. Үүнээс цааш хууль үйлчилж чадахгүй байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Та АТГ-ын дарга болохдоо хэр хөрөнгөтэй хүн байсан бэ. Одоо таны өмч хөрөнгө хэр байна вэ. Мөн шинээр компанитай, хувьцаатай болсон эсэхээ хэлнэ үү. АТГ-т ажиллаад гэнэт баяжсан хүн бий юу” гэлээ.

АТГ-ын дарга Н.Ганболд “АТГ-ын ажилчдын хөрөнгө орлогын мэдүүлэг Хууль зүйн байнгын хорооны хяналтад байдаг. Миний хөрөнгө орлого улс даяар зарлагддаг. Миний хөрөнгө орлого өнгөрсөн дөрвөн жилд нэг их өөрчлөгдөөгүй. Надад хувьцаа эзэмшдэг компани байхгүй. Байгууллагад нийтдээ 160 хүн ажиллаж байгаагаас 80 орчим хувь нь залуучууд байдаг. Манай Аюулгүй байдал хяналт шалгалтын алба хэн нь ямар машинтай, орон сууцтай байна гэдгийг хянадаг. Би ч даргын хувьд хардаг. Тэгж гэнэт баяжсан ажилтан байхгүй гэдгийг онцолмоор байна” гэсэн юм.

 УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “АТГ бол нийгэмд айдас жихүүдэс дагуулсан, айлгадаг, дарамталдаг гэдгээрээ алдартай болсон. Хүнээс байцаалт авахдаа хүртэл байнга хүний эрхийг зөрчиж хөтөлж, тулгаж, дарамталдаг асуудлаа болих уу. АТГ сүүлийн үед хууль тайлбарладаг болсон. Хууль тайлбарлах эрх АТГ-т байхгүй шүү дээ. Хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн газрыг та толгойлж ажилласан. Хэлмэгдүүлэлтийг та юу гэж бодож байна вэ. АТГ өнөөдөр сонгуульд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулдаг байгууллага болсон гэх мэдээллийг та тайлбарлана уу”.

“Ерөнхийлөгчтэй гурван удаа, УИХ-ын даргатай дөрвөн удаа уулзаж байсан. Харин Ерөнхий сайдтай уулзаж байгаагүй. Хэргийг шалгахдаа хүнийг дарамталдаг гэдэг асуудал яригдаж байна. Одоогийн практик дээр алдаа гарч байгааг үгүйсгэхгүй. Шинэ хуулиар энэ асуудлыг сайжруулах байх гэж ойлгож байна. Бусдыг хэлмэгдүүлсэн гэдэг асуудлыг хууль хяналтын байгууллага тогтоовол би  хариуцлагаас зугтаахгүй. Би өөрийн эрүүл мэндэд анхаарах шаардлага байгаа учраас л ажлаа өгч байна” гэх хариултыг Н.Ганболд өглөө.

“Сүүлийн үед өрнөөд байгаа асуудал таныг ажлаа өгөхөд нөлөөлсөн үү. Тийм үгүй гэдэг хариултыг л өгөхийг хүсч байна “ гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуусан юм.

“Миний өргөдлөө өгсөн асуудал бол өнөө үеийн асуудалтай холбоогүй” гэж Н.Ганболд хариуллаа.

УИХ-ын гишүүн Г.Уянга “Монголбанкны Ерөнхийлөгчийн 3.7 тэрбум төгрөгийг тараасан асуудлыг АТГ гэмт хэрэг биш гэсэн. Мөн С.Баяр гуайг гадаадад олон тооны үл хөдлөх хөрөнгө худалдаж авсныг баримтаар нотолсон ч мөн шалгахаас татгалзаж гэмт хэрэг биш гэх хариултыг АТГ-аас өгсөн. Үүнээс үзэхэд АТГ хараат бусаар ажиллаж чадахгүй байгаа гэж дүгнэхэд хүргэж байна. Яагаад гэмт хэрэг байгаагүй гэж үзсэн юм бэ” гэж Н.Ганболд даргаас хариулт нэхсэн юм.

“Би хувьдаа 1.4 сая төгрөгийн цалинтай. Мэдээж цолны, олон жил ажилласан нэмэгдэл гээд багагүй мөнгө нэмэгддэг л дээ. Монголбанкны Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд, олон нийтийн хурлаараа оруулаад дээрх мөнгийг өгсөн юм билээ. Тэрнээс нууцаар өгчихсөн бол хэрэг болно шүү дээ. С.Баярын хэргийн хувьд ил задлаад байж болохгүй байна. Данс тооцоогоор явчихсан асуудал юм билээ. Прокурор энэ хэрэг эрүүгийн хэрэг бишээ, хэрэг үүсгэхгүй л гэсэн. Ийм л асуудал болсон” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Цог “Тэр С.Баярын хэргийг шалгачих л байсан юм ш дээ. Цаанаа учиртай гэдэг нь тодорхой шүү дээ” гэсэн юм.

“Миний зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн хэрэгтэй холбоотой гурван залууг багагүй шалгаж хорьсон. Шүүхээс гэм буруугүй гээд байхад яагаад одоо татварын хэргээр шалгаад зовоогоод байгаа юм бэ. Таныг шахалтанд оруулаад эсвэл та хуйвалдаанаас залхаад л ажлаа өгч байна. Гэтэл худлаа яриад л яваад байх юм. Та энэ талаараа өөрийн дурсамждаа бичээрэй. Ё.Отгонбаярын хэрэг гэж маш сүртэй мэдээлчихээд чимээгүй болчихсон нь ямар учиртай юм” гэх асуултыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг асуусан юм.

“Л.Гансүхийн хэрэгт холбогдож байсан гурван хүний хэргийн талаар ярих боломжгүй байна. Энэ бол прокурорын зөвшөөрөлтэй ярьдаг асуудал. Мөрдөн байцаалтын шатанд байгаа тул энд мэдээлэх шаардлагагүй” гэх хариултыг АТГ-ын дарга өглөө.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …