Өнгөрсөн сард Баян-Өлгий аймгийн Сагсай суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Энэ хугацаанд вакцинжуулалт хэрхэн хийгдсэн болон өвчлөлтэй холбоотой бусад асуудлаар Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга, малын ерөнхий эмч Т.Баатараас тодрууллаа.
-Баян-Өлгий аймагт гарсан шүлхий өвчний одоогийн байдал ямар байгаа вэ?
-Баян-Өлгий аймгийн Сагсай суманд мал амьтны шүлхий өвчин гарч, яаралтай арга хэмжээ авч байна. Яг одоогийн байдлаар 1264 мал өвчилж устгагдсан. Баян-Өлгий аймгийн адуунаас бусад бүх малыг хоёр удаа шүлхийгээс сэргийлэх вакцинд хамруулсан. Одоогоор хоёр дахь ээлжийн вакцинжуулалт үндсэндээ дуусч байна. Хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж, аймгийн төвийг тойрсон постууд байгуулсан бөгөөд халдварын голомтын эргэн тойрны орох гарах замуудад ариутгал хяналтын постууд байгуулж, мэргэжилтнүүд байнгын үзлэг хийн ажиллаж байна.
-Бусад аймаг, суманд шүлхий өвчин илэрсэн үү?
-Бусад аймаг, суманд илрээгүй.
-Архангай аймгийн Цэнхэр суманд гарсан гэж байсан. Энэ талаар?
-Архангай аймагт үхрийн хорт салст гэж өвчин гарч, нэн даруй арга хэмжээ зохион байгуулсан.
-Вакцинжуулалт хэдэн хувьтай явж байгаа вэ?
-Пүрэв гарагийн байдлаар 88.3 хувьтай байна гэсэн мэдээлэл ирсэн. Өнөөдөр үндсэндээ дуусч байгаа.
-Зуны улиралд бүх аймаг, суманд вакцинжуулалт хийгддэг үү?
-Мал амьтны 20 гаруй халдварт өвчин манай улсын мал сүрэгт гардаг. Ихэнх өвчнөөс сэргийлэх вакциныг Сонгины Биокомбинатад үйлдвэрлэж, хаврын улиралд ихэнх вакциныг тарьдаг. Вакцинжуулалт зургаадугаар сард үндсэндээ дууссан.
-Малчид өөрсдөө эм, тариагаа авч, вакцинжуулалт хийдэг үү?
-Вакциныг улсын төсвийн хөрөнгөөр үйлдвэрлэж, орон нутагт хүргүүлдэг бөгөөд вакцин тарьсны хөлсийг ч улсаас гаргадаг. Малчид халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг үнэгүй хийлгэдэг гэсэн үг. Энэ ажилд зарим газрын малчдын оролцоо хангалтгүй байдаг. Тиймээс үүнд малчид анхаарч, улсаас үнэ төлбөргүй хийгддэг вакцинжуулалтад малаа сайн хамруулах хэрэгтэй.