Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаа хийлээ. Хуралдаан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын байр суурийг хамгаалахаар орсон юм. Цэц маргаантай мэтгэлцээнтэй хуралдсаны эцэст жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихлээ. Тэгэхээр одоо яах вэ. УИХ Цэцийн уг шийдвэрийг хүлээж авах уу. Хэрэв Цэц хүлээж авахгүйгээр шийдвэл Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаа хийж, эцэслэн шийдвэрлэнэ.
УИХ өөрөө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, пропорционалиар явах ёстой, жагсаалт байх ёстой гэдгийг оруулж ирсэн. Өнгөрсөн УИХ-ын сонгууль ч тойрог болон намын нэрийн жагсаалтаар гишүүд сонгогдон парламентад суусан. Эдгээр сонгогдсон гишүүд Үндсэн хууль зөрчин УИХ-д орж ирсэн болж таарах нь уу. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр бол тэгэж таарах гээд байна. УИХ жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн нь үнэн юм байна гээд шийдчихвэл өөрсдийгөө л үгүйсгэсэн болох нь. Ямартай ч Цэц шийдвэрээ гаргалаа. Харин одоо УИХ яах бол?
Дашрамд дурьдахад, иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/”120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасны дагуу Үндсэн хуулийн Цэц хуралдсан юм.
Эх сурвалж: Цензургүй.mn