Ц.Нямдорж: Үнэн ганцаардаж, Шударга ёс өнчирч байна даа

1461552279571d849705757

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой Монголын улс төрд болж буй үйл явдлын эргэн тойронд ярилцлаа. Хэзээнээсээ л хатуу, ширүүн үгтэй гэгддэг тэрбээр энэ удаад ч илэн далангүй, шударга, шулуухан хариулт өгсөн юм.

   Н.ЭНХБАЯРТАЙ ЮМ ЯРИХ ХЭРЭГГҮЙ БАЙДАГ ЮМ

-Ярилцлагаа МАН, МАХН-ын эвсэх асуудлаас эхэлье гэж бодож байна. Танай хоёр нам эвсэнэ  гэж бөөн дуулиан болж болж, эцэст нь “Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэгч боллоо шүү дээ. Н.Энхбаяр МАН-ыг хулхидсан нь танай намынханд хүнд цохилт болсон байх, тийм үү?

-Эвсэх асуудал анхнаасаа тодорхой байсан шүү дээ. Н.Энхбаярыг эвслийн дарга болгохгүй бол манай намтай эвсэхгүй нь ойлгомжтой байсан. Дараа нь манай намынханд хэлсэн шалтгаанууд нь зөвхөн шалтаг.

-МАХН-ын ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан нь утсаа таслаад зугатчихсан гэж сонссон. Үнэн үү?

-Манай бага хурал хуралдаж байхад тийм яриа болоод л байсан шүү. Ер нь Н.Энхбаяртай  юм ярьж хэрэггүй байдаг юм. Үндсэн санааг нь шууд унших хэрэгтэй. Юм яривал хариултаа хэлэхгүй тойруулаад хуураад байдаг үндсэн “натур”-тай хүн. Хэдэн ахмадаар захидал бичүүлээд, эвсч нэгдье гэсэн санал манай намд тавьж байх үед “Удирдагч нь хэн байхаас эвсэх эсэх нь хамаарна” гэж зарим хүнд хэлж байсан юм. Н.Энхбаяр эвслийг удирдахаар тохироо хийсэн бол эвсэх нь асуудалгүй байсан. Эвсэх тухай яригдаж байх үед Н.Энхбаяр TV5 телевизээр ярилцлага өгөхдөө “Ард нийтийн дунд хэн өндөр рейтингтэй байна, тэр эвслийг удирдах ёстой” гэж хэлсэн, тэр нь би эвслийг удирдана гэсэн үг  шүү дээ. Манайхан МАХН-ын зангуунд орж “Эх орончдын баяр”-ыг тэмдэглэсэн. Тэр баярт би оролцоогүй. Учир нь, Н.Энхбаяр хэлсэндээ хүрэхгүй гэдгийг мэдэж байсан л даа. Одоо юу ярих билээ, болдог юм болдгоороо болж байна.

-УИХ-ын сонгуульд МАН дангаараа оролцоно гэдгээ зарлачихлаа. Гэхдээ эвсэх асуудал нээлттэй гэж М.Энхболд дарга хэлсэн. Харин МАХН болохоор “бид хэлснээсээ буцаагүй” гээд байгаа шүү дээ. Тэгэхээр танай хоёр намын дундах эвсэх асуудал эцэслэгдээгүй гэсэн үг үү?

-Монгол Ардын намын Бага хурлаараа УИХ-ын сонгуульд дангаараа оролцоно гэсэн шийдвэрээ нэгэнтээ гаргачихсан. Одоо энэ талаар яриад яах вэ. МАХН-ынхан дахиад л нэг хуурга үмхүүлэх гэж байгаа биз. Би хувьдаа хуурга идсээр байгаад цадчихлаа. Анх эвсэх асуудал яригдаж байх үед “хэрэв МАХН үнэхээр МАН-тай эвсэх гэж байгаа бол Засгийн газраас гарч эвсэнэ гэдгээ шууд зарлах ёстой” тэгэхгүй бол ээлжит хууралт болно гэж жижиг хүрээнд ярьж байсан юм. Гэтэл засгаас гарах нь бүү хэл Шадар болно гээд давхиж явсан биз дээ. Энэ чинь л бүх юмны хариулт байсан юм шүү дээ.

-Танай нам Бага хурлаа хийж байх хойгуур Н.Энхбаяр Өмнөд Солонгосоос ирсэн даруйдаа З.Энхболдтой уулзсан гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгэхээр АН болон МАХН-ын дарга нарын дунд өөр нэг тохироо явагдсан гэсэн хардлага байгаа?

-Чин сэтгэлээсээ эвсэх зорилготой байсан юм бол Н.Энхбаяр З.Энхболдтой биш М.Энхболдтой уулзах ёстой биз дээ. Гэтэл манай Бага хурал эхэлчихсэн байхад З.Энхболдтой уулзсан. Ардчилсан намын хувьд Монгол Ардын нам МАХН-тай эвсэх вий гэсэн болгоомжлолтой байсан. Тэгээд манайхыг, МАХН-тай эвсүүлэхгүй байх арга чарга хайсан биз. Түүнийгээ тэр уулзалтын үеэр яриа биз.

-Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацааг хэрэгсэхгүй болгох тогтоолын төсөл Хууль зүйн байнгын хорооны хурлаар шууд л дэмжигдсэн. Энэ бол Н.Энхбаярыг МАН-тай эвсүүлэхгүй АН-ын арга заль гэж дүгнэх хүмүүс байна. Ер нь яаж яваад Хууль зүйн байнгын хороогоор энэ тогтоолын төсөл гэнэт ороод ирэв ээ?

-Яг наадах чинь л байхгүй юу. Манай Бага хурал хуралдахын өмнөх долоо хоногийн гурав дахь өдөр Хууль зүйн Байнгын хороо хуралдсан, хэлэлцэх асуудалд өршөөлтэй холбоотой ямар ч асуудал байгаагүй. Гэтэл хурлын төгсгөлд Ц.Оюунбаатар хулгай хийж байгаа юм шиг халааснаасаа нэг ийм тогтоолын төсөл гаргаж ирээд АН-ынхантай хуйвалдаад дэмжүүлчихсэн юм билээ. Н.Энхбаяр З.Энхболдтой уулзахдаа “Үүнийг батлаад өгвөл Монгол Ардын намтай эвсэхгүй” гэсэн л дээ. “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг кинон дээр тал еэвэнгийн хэрэг гардаг даа. Тэрэн шиг л Н.Энхбаяр тал еэвэн энэ байна гээд манайд Ч.Улааны гарын үсэг зурсан бичиг үзүүлж, АН-д дээрх тогтоол үзүүлээд явсан шиг байгаа юм. Ямар, хүүхэд хуурч байгаа биш дээ. Өршөөлийн хуулийг нэг удаа гаргадаг. Хуульд хийх тайлбарыг зөвхөн Дээд шүүх хийдэг. Харин УИХ бол хуульд тайлбар хийх биш, өөрчлөлт оруулдаг байгууллага. Эд нар үнэндээ хичнээн муухай хуйвалдаан хийж байна аа. Санаанд орохгүй муухай юм их хийж байна. 2015 оны наадмаас хойш Өршөөлийн хууль батлах, сайд нарыг, цэцийн даргыг хөөж явуулах зэргээр бүтэн жил үймүүллээ. Яасан ч дуусдаггүй тоглоомтой юм.

-Ер нь хуулиас давсан тогтоол гэж байдаг уу?

-Юу гэж байх юм. Хуульд асуудалтай, учир дутагдал байгаа бол шинэчлэх, өөрчлөх хуулийн төсөл санаачилж өргөн мэдүүлэх байдлаар асуудлыг шийддэг. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй төслийг гэнэт оруулж “ногоон гэрэл”-ээр дэмжээд явчихаж байна. Ц.Оюунбаатар гэдэг хүн ямар нэг хулгайн бичиг хийчихээд бусдаар гарын үсэг зуруулдаг, эсхүл дэмжүүлдэг муухай аргад гаршиж байх шиг байна. Г.Шийлэгдамбын өргөдлийг нь өмнөөс нь бичээд гарын үсэг зуруулсан гэж уйлан дуугараад яриад байсан биз дээ. Өөрийн нэр төр, толгойгүй хүн л ийм юм хийдэг байх. Уг нь хойно Хуулийн сургууль төгссөн, прокурорт олон жил ажилласан ухаантай л юмсан.

-Танай нам Н.Энхбаяртай гар барьж байснаас дангаараа сонгуульд оролцвол илүү дээр биш үү? Ардчилсан нам ч бас сонгуульд дангаараа оролцоно гэдгээ зарласан. Аль, алиных нь рейтинг их ойролцоо яваа юм билээ?

-Удаа дараагийн судалгаанаас харахад Монгол Ардын нам жаахан илүү суудал авах бололцоо байна. Гэхдээ Сонгуулийн дүнг урьдчилан тааварлахад амаргүй. Ардын намын ялалт хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээс хамаарна. Нөгөө талаар нэр дэвшсэн хүмүүс нь хэр зөв ажиллахаас бас хамаарна. Харин илэрхий ойлгомжтой харагдаж байгаа зүйл бол Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялбал Монгол Улсад нүүрлэсэн хямрал улам гүнзгийрнэ. Ардчилсан намын дотоод зодооноос монголчууд ядарч, зүдэрч, туйлдаж гүйцлээ. Гэвч энэ удаагийн сонгууль их онцлогтой.

-Ямар онцлогтой гэж?

-Сонгуулийн хуульд зааснаар 18 хоногт багтааж сурталчилгаагаа явуулахаар болсон.  Гэтэл УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд бараг 2000 шахам хүн өрсөлдөх тооцоо гарч байна лээ. 18 хоногт 2000 хүний сонгуулийн сурталчилгаа явагдахаар юу болох вэ. Хавар их цас ороод зутраад ирэхээр хонь, хурга хоёр бие, биеэ танихаа больдог. Тэгвэл энэ удаагийн сонгууль тийм л юм болох зураг харагдаад байгаа юм даа. Орхон аймагт гэхэд л УИХ-ын сонгуульд 50 хүн бие дааж нэр  дэвших сураг гарч байна. Одоо чинь хүн бүхэн сонгуульд нэр дэвшинэ гэж ярьдаг боллоо. Нэг ёсны ард түмний эсэргүүцэл юм даа.

УЛС ТӨРИЙН ХЯМРАЛЫГ ЗОГСООЖ ЧАДВАЛ ЭДИЙН ЗАСАГ НААШИЛНА

-Үнэнийг хэлэхэд энэ удаагийн сонгуулийн бэлтгэл зуун задгай байна. Нэр дэвшигчээ ярилцах нь бүү хэл сонгуулийг ямар системээр явуулах нь тодорхой бус байгаа. Үндсэн хуулийн Цэцээс пропорциональ систем нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэрийг өнгөрсөн Баасан гаригт гаргачихлаа?

-Пропорциональ систем чинь Үндсэн хуулийн зөрчил гэдэг нь анхнаасаа илт байсан. Үндсэн хуулийн заалтад ямарч өөрчлөлт ороогүй байхад таван удаа мажиратор сонгууль хийчихээд зургаа дахийг нь холимог болгож, пропорциональ элемент оруулчихсан. Арван хоёр онд болон сая Сонгуулийн хуулийг батлахад би оролцоогүй. Үүнийг  эсэргүүцээд хууль батлалцах процесст нь оролцоогүй юм. Миний баримталдаг нэг алтан дүрэм байдаг. Аливаа хуулийн нүгэл, хуулийн залилан хийхэд ядаж л ирцийг нь бүрдүүлж өгч нүгэл үйлдэх хэрэггүй гэж үздэг. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр үүргээ биелүүлж зөв ажиллаж чадвал төрд хэрэгтэй гэдгээ харууллаа. Уг нь 2012 онд энэ дүгнэлтээ гаргачих байсан юм.

-Сонгууль болоход хоёрхон сар үлдчихээд байдаг, одоо тэгээд яах ёстой вэ?

-Цэц дүгнэлт гаргасан хэсэгт нь жаахан өөрчлөлт оруулж, тойргийнхоо тоог нэмээд л явчих учиртай юм. Техникийн л чанартай эд. Урьд нь энэ бүгд чинь байсан л юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …