Н.Энхбаяр: Би ямар ч ялгүй, сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой

e0c6512d8610460330c7dab5ed8340e4

МАХН-ын дарга Н.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

– Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийн талаарх таны байр суурь? 

– Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна. Цэц үндсэн хуулийг манаж байгаа нь үнэн юм бол нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь шүүхтэй адилхан шийдвэр гаргадаг байгууллага. Шүүх нэг хүнийг алуурчин эсвэл аврагч гэж дүгнэж болохгүй шүү дээ. 2012 онд Үндсэн хуулийн цэцээс намын жагсаалтаар сонгохыг хууль зөрчөөгүй гэж үзчихээд өнөөдөр хууль бус гэж байна. Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь аль нэг намын захиалга гэж харахаас өөр аргагүй болгож байна. 

Сант-Маралын судалгаагаар МАН 21, АН 17, МАХН 11 хувийн рейтингтэй байна. Энэ гурван нам нийлээд 49 хувийн рейтингтэй байна. Энэ гурван намыг дэмжиж байгаа хүмүүс Монголын нийгмийн 49 хувь нь л юм байна. Тэгвэл нөгөө 51 хувь яах юм бэ. ИЗНН, МҮАН болон бусад нам дээрх 51 хувийн тодорхой хувийг эзэлж байгаа байх. Ингээд хуулийг бага, багаар үгүйсгэж байна. Нөгөө 51 хувь цөөнх болоод байна шүү дээ. Ийм шударга бус зүйл рүү шилжих гээд байгаа учир би эсэргүүцэж байна.

Хүмүүсийн саналыг шууд авч байгаа гэх нэрийдлээр өөрсдийгөө дархалж, нийгмийн тал хувийн саналыг хогийн сав руу хаях гэж байгааг эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн олон орон дээрх системүүдийг хослуулж байж хууль бус олон асуудлаа шийдэж чадсан. Харин манайхан бие, биенийгээ саналыг ингэж хулгайлж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь Монголын ардчилал, зөвшилцлийг устгах эв нэгдлийг бусниулах байгууллага болсон гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Ер нь улс орныг том баг удирдана. Багийг сонгосноор нэгдмэл бодлогын ажлыг хэрэгжүүлэх боломжтой болно.

ҮХЦ-ийн шийдвэрийг дэмжвэл Монголын хувь заяа үүрд ийм болно. Надтай адилхан М.Энхболд, Д.Лүндээжанцан гэх мэт нөхөд тойргоос сонгогдоно. Би ганцаараа сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна. Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ. 

–  Хууль эрхзүйн хүрээнд та сонгуульд  өрсөлдөх боломжтой  юу?

Би хууль эрхзүйн хүрээнд сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой. Бүр 100 хувь боломжтой.  Тодорхой захиалгаар янз язнзын байдлаар оролдож байна. Үнэн хэрэгтээ би сонгуульд өрсөлдөх бүрэн бололцоотой  байгаа.

– Таны зүгээс сонгуульд өрсөлдөх боломжоо нээлттэй болгох зорилгоор АН-тай тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл түгсэн. Энэ нь ямар учиртай юм?

АН, МАН хууль тогтоодог, хууль таайлбарладаг, хууль гуйвуулдаг, тийм эрхтэй  байгууллага биш. Зүгээр л улстөрийн намууд. Хууль ямар нэгэн намыг илүү хатуу гэсгээж, Н.Энхбаярт бүр чанга үйлчилдэг зүйл биш. Бүгдэд нь ижил тэгш үйлчлэх ёстой. Тэр утгаараа өршөөлийн хууль  гэж үнэхээр гарсан  юм бол, хэрэгжих ёстой л юм бол 2009 онд гарсан өршөөлийн хуулиар  Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлтэй холбоотой ял хүчингүй болсон байдаг.  Мөн 2015 оны Өршөөлийн хуулиар Эрүүгийн хуулийн 150.3  гэж надад хүчээр тулгаж байсан зүйл заалт   өршөөгдсөн.

–  Тэгэхээр та өөрийгөө  цэвэр ялгүй болсон гэж  дүгнэж байгаа хэрэг үү?

– Хууль надад үйлчлэх ёстой юм бол  би ямар ч ялгүй.  Өршөөлийн хууль,  Эрүүгийн болоод бусад бүх хуулийн  зүйл заалтуудыг харгалзан үзэхэд би сонгуульд орох бүрэн эрхтэй. Үүнийг МАНАН-гийнхан болон тэдний өгсөн даалгавраар Хууль хяналтын байгууллагад ажиллаж буй хүмүүс зориуд санаатайгаар худлаа тайлбарлаж байгаа. Намайг сонгуульд оролцох бололцоогүй юм шигээр тайлбарласаар ирсэн.

– Таныг сонгуульд тойргоос өрсөлдөлгүй жагсаалтаар парламентад суух тохироо хийж байгаа гэх яриа явж байсан. Одоо цэцийн дүгнэлтээр жагсаалт байхгүй болох нь тодорхой болчихлоо?

Сонгуульд оролцож магадгүй гэхээр цэцийн дүгнэлт  гаргаж, хуулиа будлиулж байна. Ийм л ажил явагдаад байна.

– Жагсаалтыг байхгүй болгох асуудал дээр МАНАН-гийнхан үгсэн хуйвалдсан гэж та сая онцоллоо. Тэгэхээр танай нам МАН-тай эвсэх асуудал эргээд бүрхэг болж байна гэсэн үг үү?

– Бид ямар ч байсан МАН-ыг урьсан. Өөрсдөө үгүй гээд худлаа яриад, бид нарыг буруутгаад яваад байгаа. Түүнээс биш бидний урилга хэвээрээ л байгаа. Хуулийн хугацаа энэ сарын 29-нд дуусна. МАН хуулийн хугацаа  дуусахаас өмнө өөрсдөө “Үгүй” гээд хэлчихсэн. Яахав, ард түмнийхээ эрх ашиг, улс орны эдийн засгийн төлөө хамтран зүтгэхийн тулд эцсийн хугацаа дуустал тал талаасаа яриад үзвэл яасан юм гэсэн уриалга бид явуулсан байгаа. Одоохондоо МАН-аас ямар хариу ирэхгүй байгаа. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …