Улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж дууслаа. Хуульд заасан хугацаанд нийт 13 нам, гурван эвсэл тус тус хүсэлтээ ирүүлсэн байна
Одоогоор Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсэг нам, эвслүүдээс ирүүлсэн хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус нягтлан шалгаж байгаа аж.
Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм.
Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслүүд
- 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр: Монгол Ардын нам, Монгол Консерватив нам, Бүгд Найрамдах нам
- 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр: Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Ардчилсан нам, Монгол Ардын хувьсгалт нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Социал-демократ нам, Иргэний хөдөлгөөний нам, Иргэний зориг-Ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам болон “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн эвсэл, “ХААН сонголт” эвсэл тус тус хүсэлтээ ирүүлсэн байна.
“Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэлд Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон нам, Эх орончдын нэгдсэн эвсэлд Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн нам, “Хаан сонголт” эвсэлд Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал нам эвсэн оржээ.
Түүнээс гадна МҮАН, Эх орон нам Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намыг дэмжинэ гэдгээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн албан бичгээр мэдэгдсэн байна.
Эх сурвалж: СЕХ-ны Хэвлэл мэдээллийн алба