Мон ураны гэх тодотголтой Б.Наранхүү хэмээх энэ бийлэгжүү эр 2012 оны сонгуульд Дундговь аймагт нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хууль тогтоох байгууллагад ажиллахдаа ганц ч хуулийн төсөл санаачлаагүйгээр үл барам чуулганы хуралдаандаа тоотой суусан гэдгээрээ олны дунд алдартай нэгэн юм.
Мөн түүний тухайд Дундговь аймгийн иргэдийг төрд төлөөлөх хугацаандаа бөх, морь хоёрт харамгүй хөрөнгө цацсаныг нь эс тооцвол тус аймагт хүнд хэрэгтэй ажил ганцыг ч болтугай хийгээгүй нь өдгөө нутгийн иргэдийн итгэл алдархад хүргэжээ.
Тодруулбал, Б.Наранхүү нарын зүгээс 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн АН-ын хорооны хурлыг яаралтайгаар зарлан хуралдуулсан байна. Уг хурлыг зарлахдаа 14 хоногийн өмнөөс товлож, гишүүдэд хэл дуулгах журамтай атал өнгөрсөн удаад хурал болохоос ганцхан хоногийн өмнө гишүүдэд энэ тухай хам хум дуулгасан болоод хуралдуулж орхиж.
Тус аймгийн АН-ын хороо нь 75 гишүүнтэй бөгөөд өнгөрсөн удаагийн хурал 50 орчим гишүүдийн ирцтэйгээр хуралджээ. Улмаар энэ үеэр Дундговийн намын хорооны дэргэд Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүдийг 19 хүний орон тоотойгоор шинээр батлуулсан байна. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг ийнхүү батлуулахдаа намын дүрмийн дагуу Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдийн нэрсийг сугалаагаар саналын хуудсанд байрлуулан нууц санал хураалт явуулж хамгийн олон санал авсан 15 гишүүдийг сонгох ёстой байтал дүрмийг зөрчин илээр буюу гар өргүүлэх зарчмаар санал хураалт явагджээ.
Хамгийн ноцтой нь энэ үеэр сонгуульд нэр дэвшигчийг тодруулах эрхийг шинээр гишүүдээ бүрдүүлсэн Зөвлөлдөх зөвлөлд шилжүүлсэн гэх мэдээлэл байна.
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн 10 гаруй нь Б.Наранхүүгийн хүмүүс агаад тэд дараагийн хуралдаанаараа Дундговийн АН-аас Б.Наранхүүг сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг дүрмийн бусаар олгон, АН-ын ҮЗХ-д нэрийг нь явуулахаар төлөвлөж байгаа аж.
Уг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа, Зөвлөлдөх Зөвлөл бус Дундговийн АН-ын Намын хорооны нийт гишүүдийг байлцуулан танхим дотор нээлтэй санал асуулга явуулах зарчмаар тодруулах ёстой юм байна. Гэтэл үүнийг зөрчин УИХ-д нэр дэвшигчийг тодруулах эрхийг Зөвлөлдөх зөвлөл гэх байгууллагт шилжүүлсэн нь өдгөө асуудал үүсгэж байгаа бололтой.
Хамгийн харамсалтай нь хууль бусаар томилогдсон Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаанаар Б.Наранхүүг Дундговиос нэр дэвшүүлэх тухай шийдвэр гарах аваас энэ нь сонгуулийн тухай хуулийг зөрчиж, Б.Наранхүү бүү хэл Дундговийн АН тэр чигтэй шавартай хутгалдах эрсдэл бий болоод байгааг тэрбээр ухаарах ч сөхөөгүй улайрч байгаад асуудал оршино
Иймээс Дундговийн АН-ын гишүүд Б.Наранхүүг хууль бус шийдвэрээ эргэн харж, Дундговийн АН-ын намын хороог дүрэм журмынх нь дагуу дахин хуралдуулж, нэр дэвшигчийг танхим дотроос нээлтэй зарчмаар шударгаар тодруулаач гэдэг шаардлагыг тавиад байгаа юм байна. Гэвч Б.Наранхүү жирийн гишүүдийнхээ энэ мэт хүсэл эрмэлзлэл, саналыг үл тоон Зөвлөлдөх зөвлөлөөрөө өөрийгөө ногоон гэрлээр дэмжүүлж УИХ-д өрсөлдөхөөр зэхэж байгаа бололтой.
Эх сурвалж: Zaluu.com