Босни ба Герцеговины мисс Слободанка Тошич цуврал алуурчин байсан нь тогтоогджээ. Мисс бүсгүйг дээрмийн олон хэрэгт, мөн 5 хүн хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа талаар “Daily Mail” мэдээллээ.
Слободанка Тошич бол нэлээд алдартай нэгэн, тэрбээр “Playboy” зэрэг гяланцаг сэтгүүлд зургаа авахуулж, “Сүүлчийн баатар” реалити шоунд оролцож байв.
Цагдаа, хүчний байгууллагынхан “Хүүхэлдэй” хэмээх нууц ажиллагаа явуулсны дүнд мисс бүсгүйг баривчилжээ. Мисс Слободанка Тошичийн мафи 30 гаруй гишүүнтай гэнэ. Тодруулбал, түүний амраг энэ мафийн толгойлогч аж. Слобаданкаг тэд Боби гэж хочилдог юм байна.
Сүүлийн 2 жилийн дотор энэ мафийнхан 6 удаа банкны салбар болон мөнгө зөөдөг албаны машинд халдаж 57 сая доллар дээрэмджээ. 2012 онд энэ дээрмийн бүлэглэл 2 хуваагджээ. Шалтгаан нь мисс бүсгүй гэж зарим нь мэдүүлсэн бол нөгөө хэсэг нь мөнгөө хуваахаас болсон гэж байна.
Ямартай ч Слободана бүсгүй тэрхүү мафийн толгойлогчийг хаяж өөр нэг гишүүнтэй учир ургуулсан нь тогтоогджээ. Тэр бүү хэл мисс бүсгүй хуучин амрагаа алах гэж оролдоод бүтэлгүйтсэн аж. Иймээс хүн хөнөөсөн 5 хэрэг дээр нь амрагийнхаа амь насанд халдахыг завдсан бас нэг хэрэг нэмэгджээ.
Одоогоор мафийн 23 хүнийг баривчилснаас 2 нь нас баржээ, нэг нь камерт амиа хорлосон бол нөгөө нь зүрхний шигдээс болжээ. Харин мафийн 2 гишүүн Сеад Робович, Эдин Ахметспахич нь хэргээ хүлээсэн гэнэ.
эх сурвалж:mnews.mn