Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

af90cc8ffba4e4fd0be3506e699361b4

Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөр” баталлаа

 Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж, “Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосон юм. Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчийн эрхийн зөрчил нэмэгдэж байгаа нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндсэн шаардлага  болж байна.

Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хэрэглэгчийнх нь хувьд хамгаалахад шаардлагатай эрх зүйн орчин, оновчтой тогтолцоо бүрдүүлэх, зах зээлд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгчийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх зорилготой тус хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ.   Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрсдлээс хамгаалж, стандартын мөрдөлтийг сайжруулах, хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, боловсрол олгох үндсэн зорилтуудын хүрээнд 20 арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тогтоолоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо.

 “Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж, дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” болон “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд Алтанбулаг, Бичигт, Замын-Үүд боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж, гаалийн автоматжуулсан мэдээллийн системийг шинэчлэх ажлууд багтаж байна. Мөн гадаад худалдааны цахим нэг цонхны системийн бэлтгэл ажлууд хийгдэх юм. Төсөл хэрэгжсэнээр худалдаа эрхлэх ажиллагаа хялбар, ойлгомжтой болж, шаардлагатай зөвшөөрөл, лицензийг нэг хандалтаар, нэг дороос авах боломж бий болно. Гадаад худалдаа эрхлэхэд зарцуулах цаг хугацаа, зардал багасч,  худалдааны эргэлт нэмэгдэн, өрсөлдөх чадвар сайжирна. Гааль, татварын мэдээллийн систем харилцан уялдаатай ажилладаг болсноор бодит мэдээллийг хугацаа алдалгүй авах боломж бүрдэж, нэгдсэн мэдээллийн системтэй болно гэж тооцоолж байна.

  Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр байгуулна

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны  хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлагад үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан Санхүүгийн хамтын ажиллагааны  хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байна.

  Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг хоёр жилийн хугацаатай байгуулах бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг бүрэн тохиролцох юм. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, хотын усан хангамж, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, төмөр зам, замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарын төслийг санхүүжүүлнэ.

Улаанбурхан өвчний эмчилгээнд шаардлагатай эм, тоног төхөөрөмжийг нийлүүлж байна

Улаанбурхан өвчний байдал, уг өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Өвчний ерөнхий хандлага буурч байгаа боловч сэжигтэй тохиолдол өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй гарчээ. Улаанбурхан өвчин Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод тархалт өндөртэй байна. Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 өвчтөн хандсаны 1515 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 315 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-1 насны 17 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

ХӨСҮТ, ЭХЭМҮТ болон аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 400 гаруй сая төгрөгийн нэн шаардлагатай эмүүдийг хуваарилж, ХӨСҮТ-д дуслын шахуурга болон соруулагч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, гал тогооны хэрэгсэл зэрэг 160 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ. АШУҮИС болон Сувилахуйн сургуулийн 800 гаруй оюутныг өрхийн эмнэлгүүд, ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд нэмэлтээр хуваарилан ажиллуулж байна. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нийлүүлсэн утлагын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, пульсоксиметр зэрэг 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, 34 сая төгрөгийн эмийг өвчтнүүдийн эмчилгээнд ашиглаж байна. НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан вакциныг энэ сарын 5-нд хүлээн авч, дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна гэж Шадар сайд танилцууллаа.

Товч мэдээ:

–  Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотод 2016 оны 4 дүгээр сарын 4-5-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Р.Бурмаад даалгалаа.

–  “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

–  “Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний байгууллага”-д гишүүнээр элсэхийг дэмжиж, гишүүнчлэлийн төлбөрт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгалаа.

–  Дэлхийн цогц ажиглалтын мэдээ, мэдээллийг солилцох, ашиглах чиг үүрэг бүхий Газар дэлхийг ажиглах бүлэгт гишүүнээр элсэх нь зүйтэй гэж үзээд гишүүнээр элсэх хүсэлтийг албан ёсоор уламжлахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгалаа.

–  Хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэгээр гүйцэтгүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.

–  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад ажилласан тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

–  Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг, үржлийн газраас мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулсан “Хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх дунд хугацааны стратеги, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, “Хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх заавар”-ын төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг судалж тусган эцэслэн боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан мөрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

–  “Гоц халдварт өвчинтэй тэмцэх бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам”, “Мал эмнэлгийн хяналтын цэгт хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус баталлаа.

–  Хаврын тариалалтад зориулж улсын нөөцөд хадгалагдаж байгаа 5000 тонн улаанбуудайн үрийг тариалан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой нөхцөлтэйгээр худалдаж, борлуулалтын орлогоор нь 2016 оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …