Алтан загасны үлгэрийн эмгэн лугаа Н.Энхбаяр

МАХН-ын дарга Н.Энхбаяр шиг улс төрд хор найруулж, хутгахдаа мэргэшсэн улстөрч өнөөхөндөө Монголд алга. Монгол төрийн хамгийн өндөр албан тушаалууд болох Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг ээлж дараалан хашсан, 600 цагдаагаар хүчлүүлэн “хамгаалуулж” оймстойгоо ачигдаж, өрөвч сэтгэлтэй заримынх нь нулимсийг дуслуулсаар “аавын” хаалга татсан, төрөлх намаа хуваасан, сонгуульд орохдоо ч саналыг нь хувааж ялагдуулсан, сиймхийгээр нь парламентад анх удаа гуравдагч хүчний бүлэг байгуулсан гээд Монголд улс төрийн жинхэнэ үзэгдэл болсон хүн л дээ.

enkhbayar-baasankhuu-1-810x540

Гэхдээ эр эндэж, эрэг нураад л байх юм. Түүний  яг өнөөдрийн нөхцөл байдлыг нь харвал яг л алтан загасны үлгэрт гардаг эмгэн шиг харагдаж байх юм.

Үндсэн хуулийн Цэцийн тавдугаар дүгнэлт гарахаас өмнө Н.Энхбаяр шиг хэрэгтэй, чухал хүн АН, МАН-д алга байлаа. Тэр нэг үдшийн настай эвслийн гэрээний төслийг МАН-ынханд тэврүүлж орхиод АН-ын шүхэр дор хоргодохоор явахдаа эрчүүдийг араасаа хуйлруулсан гунхсан сайхан бүсгүй мэт л байлаа.

Түүнээс ч өмнө Н.Энхбаяр улс төрийн намуудын хамтын ажиллагааны хувьд тогтворгүй, олон ааштай, хоёр нүүртэй үйлдлийг мөн ч олон гаргасан юм. Оны өмнөөс л МАН-МАХН-ын эвсэл, тэр бүү хэл нэгдлийн асуудлыг нэртэй төртэй ахмадуудаар дамжуулан нийгэмд мессеж өгч, далдуураа эрх баригчдыг айлгаж эхэлсэн. Ийм мессеж түүний хувьд, АН-тай хийх яриа хэлцлийнх нь гол хөзөр болж байв. Парламент дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ энэ хооронд намаа төлөөлөн ИЗНН руу хүртэл ханд хаяж байсан нь Н.Энхбаярын анзааргагүй, зөвлөгөөгүй хийсэн алхам гэхэд итгэмгүй. Чухамдаа Н.Энхбаяр нэг гараараа МАН-тай атгалцаж, нөгөө гараараа АН-тай хөзөр тоглож, бас юмыг яаж мэдэх вэ гээд ИЗНН, Монголын Ногоон намтай ч хамтрах, эвсэх асуудал ярьж, хөөрч хэдэн тал руу үсчиж байсан.

Яв явсаар намынхаа Бага чуулган дээр урьд өдөр нь МАН-тай эвсэхээр болсон тухай ажлын хэсгийн дарга нарын сүр дуулиантай мэдээг тас цохиж хаалгаа хаасан хүн. Тэр нь мэдээж хэрэг Ц.Оюунбаатарын санаачилсан Өршөөлийн хуулийг тайлбарлахтай холбоотой тогтоолын төслөөс шалтгаалсныг бүгд л ярьж бичиж байлаа. МАН-тай нийлж сонгуульд ялалт байгуулахаас илүүтэй өөрөө л ялгүйд тооцогдож 2016, 2017 онуудын сонгуулиудад нэр дэвших боломжтой болох нь түүнд амин чухал байсныг намын нөхөд нь тухайн үедээ таашаан хүлээн авсан нь юу л бол.

Гэхдээ эцсийн эцэст МАХН нь Н.Энхбаяр, Ц.Цолмон нарын гэр бүлийн нам гэдэг нь иймэрхүү асуудал дээр батлагдчихаж байгаа тул МАХН-ынхан энхрий хайрт удирдагчийнхаа араас уйлаад ч нэмэргүй.

Н.Энхбаярын яг ийм олон ааш гаргаж тал тал тийш үсчсэн тоглолтыг анаж байсан З.Энхболд ганц л тогтоолын төслөөр хуураад МАН-тай эвсүүлэхгүй голын нөгөө эрэгт үлдээснийг тэр хожимдсон ч гэсэн ойлгосон биз.

Чуулганы өнөөдрийн (2016.05.04) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тул цаашид Их суудлын хуралдаан зарлах ч хэрэг гарсангүй, мажоритариар энэ удаагийн сонгууль явах нь тодорхой болсон. Яаж ийгээд Н.Энхбаярын арга эвийг олж байгаад намаа МАН-д аваачиж тушаах санаатай байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ч нэгэн цагт тахин шүтэж байсан  Н.Энхбаяраа дуун дээр нь хаяж одлоо.

Эцэст нь Н.Энхбаяр МАН-тай эвсэж сонгуульд ялсан ч үгүй, эвсэх асуудлаар хэлэлцээ хийсэн намуудын ажлын хэсгийн ахлагч нарын тохирч байсанчлан дахин УИХ-ын дарга болох боломжоо ч ашиглаж чадсангүй, АН-аас сонгуульд нэр дэвших хувь заяа нь шалтгаалж байгаа тогтоолын төслөө батлуулж авсан ч юмгүй үлдэв. Бүр голоод байсан ИЗНН байтугай Ногоон нам ч байхгүй, адаг сүүлд нь баривчлагдан оймсоо гозолзуулахад нь жудаг бодож гэрт нь гүйн очиж байсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва ч үгүй, Логийн Цог ч үгүй, Г.Уянга ч үгүй үлдэв.

Үлдэхдээ өөрт нь гэргий Ц.Цолмон, хүү Э.Батшугар нараас нь ч дутуугүй хайртай байж мэдэх саяхны хорих байгууллагын сувилагч, өнөөгийн сайд З.Баянсэлэнгэ, эвслийн бүлгийн даргад элдвээр шантаажилсаар арайхийн томилогдоод ердөө гурав хоног буюу 72 цагийн дараа бүлэггүй үлдэж байгаа О.Баасанхүү, Н.Энхбаярыг шүүхээс ял авахад хамт сэжиглэгдээд оргон зайлсан, одоог хүртэл Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа өөрийнх нь туслах Б.Хуягийн дүү намын нарийн бичгийн дарга Б.Тулга, энхрий хайрт удирдагчийнхаа төлөө яг л хойд солонгосчууд шиг нулимс унагасаар намын дэд даргаар саявтар томилогдсон Э.Эрдэнэжамьян нартайгаа л үлдэж хоцорлоо. Яг л алтан загасны үлгэрт гардаг эмгэн илүү ихийг хүссээр эцэст нь хоосон тэвштэйгээ үлддэг лугаа адил.

Эх сурвалж: politick.mn

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …