Сонгууль угтсан уялга үг

d96b82dcac94ad1boriginal
2016 оны шинэхэн сонгууль айсуй.Энэ цаг дор хүн бүр л улсын их хуралдаа хэн гэдэг эрхмийг сонговол Монгол улсыг аятайхан аваад явчих бол хэмээн сэтгэлээ чилээн суугаа гэдэгт эргэлзэх явдалгүй буй за.

Гадны улс орон тэр дундаа Америкийн нэгдсэн улсад улс төрдөө ямар ямар хүмүүсийг хэрхэн шалгаж шүүж гаргаж байсныг авч үзье. Юуны өмнө Америкийн иргэд улс төрд хүчин зүтгэх хүмүүсийг сонгохдоо айхтар амьдралд ойр байдлаар хандаж иржээ.Тухайлбал Америкчуудын үе үеийн судалгаагаар санал асуулгыг тэргүүлдэг, тус улсын төлөө хамгийн их гавьяа байгуулсан төрийн тэргүүн Авраам Линкольн гэгч эрхэм байна.

Манайхны нүдээр тэр хүнийг харвал “нүүрийн буянгүй” хүйтэн төрхтэй агаад баргар царайлсан шанааны яс нь төмбийж сахал үсэндээ баригдсан этгээд байлаа.Үүгээр зогсохгүй маш өндөр, янхийсан туранхай нэг үгээр хэлбэл “ямааны шулдан гуя” болсон хүн байлаа.Тэгвэл юу энэ хүнийг Америкчуудын сэтгэл хайлан болгоод зогсохгүй үеийн үед бахархан дурсаж байх хүн болгов оо. Энэ бол тэр хүний Америкийн ард түмний төлөө гэсэн тэр аугаа сэтгэл, эх орон үндэстнээ нэгтгэж хувийн амьдралаа үл огоорон зүтгэсэн тэр сэтгэлд байсан юм. Америкчууд хүний дотор байгаа мөн чанарыг айхтар таньж чаддаг ажээ. Тэд хүний гадна төрхөд ач холбогдол өгсөнгүй.

Америкчуудын хийсэн бас нэгэн сонголтыг авч үзье. Энэ улс төрч хүмүүн бол хоёр хөлгүй суумгай тэргэнцэртэй хүн байв. Хүнд өвчний улмаас суумгай болоод насан туршдаа тэргэнцэрт хадагдсан түүнийг Америкийн сонгогчид бүхэл бүтэн дөрвөн удаагийн сонгуульд дэмжиж гаргаж өөрийн улс орныг удирдуулсан байдаг. Манай сонгогчдын сэтгэл оюуны шүүлтүүрээр харвал энэ хүнийг хэзээ ч сонгохгүй байх. Гэтэл улсыг удирдахад тухайн хүн суумгай байна уу тэргэнцэртэй байна уу огт хамаагүй харин ёс суртахуун, ард түмнээ гэсэн сэтгэл чухал гэдгийг тэдний сонгогчид илүү анхаарчээ. Энэ хүн бол Франклин Делано Рузвельт хэмээх эрхэм байжээ.

Тэдний сонгогчдын дараачийн хийсэн сонголтыг Та бүхэндээ сонордуулъя. Нэгэн удаагийн Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд хоёр эрхэм ана мана өрсөлдсөн байдаг. Нэг нь өөгүй сайхан өв тэгш гэр бүлтэй гэр бүлдээ сайн аав сайн эцэг байсан ч ажиллаж байсан мужийнхаа сангийн хөрөнгөнөөс тоншдог этгээд байв. Нэг үгээр тэр бол төсвийн мөнгөний хулгайч луйварчин этгээд байсан нь илчлэгджээ. Нөгөө эрхэм архи уудаг байсан ч тэр өөрийн мужийн хөрөнгөнд хэзээ ч хүйтэн сэтгэлээр гар дүрж байгаагүй ажээ. Эцсийн сонгуулийн өдөр өв тэгш гэр бүлийн тэргүүнийг бус төсвөөсөө хулгай хийдэггүй эрхмийг Америкчууд сонгожээ.

Тэгвэл манай улс төрд төсвөөс хулгай хийдэггүй ёс зүйтэй ийм эрхмүүд  үгүйлэгдэж байна.

Монгол сонгогчдодоо хэлэх үгс

Манайхан хэнийг сонгоод байна вэ гэхээр маасайтлаа худал инээсэн, мар мар үлгэр ярьсан тогоон чинээ гэдэстэй толийтол үсээ гельдсэн нөхдийг сонгоод алдаад байна уу даа. Манайхаан костюм өмсөж зангиа зүүсэн эсвэл хэлхгэр дээлтэй нөхдүүд чинь хөвөн зөөлөн гартай байх вий дээ. Нэг машин шороо хүрздэж буулгаж үзээгүй “уяхан туяхан нөхөд” байх вий. Өөрөөр хэлбэл амьдралын халуун чулуу долоож хат үзээгүй нөхөд байх вий. Манай сонгогчид одоо “нүүрийн буян”, “малийсан махлаг царай”, “тогоон чинээ гэдэс”, “толийсон үс”, “Мянгуужингийн үлгэр” зэргийг үнэлж саналаа өгөхөө  одоо больё.

Малийсан шар нөхөд юу болов, хужаагийн Монгол гэж хэн өөрийгөө барьж өгөв. Өрөвч сонгогчид “хөөрхий минь аав нь ах нь сайн хүн байсан юм” хэмээн үе залгамжлуулж их хуралд сонгодог байдлаа нэн даруй таягдан хаях хэрэгтэй. Үе  залгамжилсан хунтайж ба гүнж нар улс оронд бүтээсэн юмгүй эсрэгээрээ улсыг нурааж байна. Ер нь аав ах нь сайн хүн байсан гээд дүү нь, хүү нь, хүүхэд нь сайн хүн байх албагүй эсрэгээрээ адгийн шаар байж болно.

Улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй бол хөдсөн дээлтэй хөх царайтай малчин хүн байсан ч яахав. Боловсролтой ч ёс суртахуунгүй айж ичихээ байсан улсаа худалддаг улаан луйварчдаас салах цаг боллоо.

Тэгвэл бид хэнийг сонгох вэ гэдэг асуудал гарна. Ардын их хурлын депутат асан адуучин Дашдооров гуай шиг төрөлхийн малч, гүйлгээ ухаантай хүн байж яагаад болохгүй гэж лав л улсаа худалдахгүй дэг.

Бэсүдэй Нагаанбуу агсан шиг язгуурын Монгол ухааныг өөртөө шингээсэн тулхтай, буурь суурьтай, эрхэм байж яагаад болохгүй гэж лав л төсвийн хулгай хийхгүй байсан байх.

Сэтгүүлч нийтлэлч Цэрэндоржийн Балдорж агсан шиг эх орон элгэн түмнийхээ төлөө сэтгэл санаа нь зовнидог ийм л төрөлхийн итгэл үнэмшилтэй хүмүүсийг шижир алтыг шорооноос салгах лугаа адил тунгаан шинжиж их хуралдаа сонгомоор байна.

Иргэд сонгогчдоо бид аль болох сэтгэлийн хөөрлөөр бус амьдралд ойр бодитой байдлаар шийдвэр гаргах хариуцлагатай цаг ирлээ. Манай намын хүн, манай нутгийн тэрний хүү гэсэн бодлуудаа ул мөргүй хаях хэрэгтэй.

Хүнийг яаж таних юм гэсэн асуудал үүсдэг. Тэгвэл хүнийг хийж байгаа үйл, хэлж буй үг, найз нөхөд, эцэг эх,эхнэр хүүхэд гээд олон зүйлээр нь  дотор гадаргүй  харж шинжиж тунгааж танина.

Миний Монгол түмний сонголт нь мэргэн байж, сонгогдсон түшээд нь ёс суртахуунтай байх болтугай.

Иргэн Б.Болд

Ugluu-logo202-1

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …