Энэ оны эхээр Европын холбооны хамгийн ядуу орон гэгддэг Болгар улсад цахилгаан, дулааны үнэ хоёр дахин нэмэгдэж, ард иргэдийнх нь дунд томоохон эсэргүүцэл дэгдэж байсан. Тухайн үед байрны мөнгө нь авч буй тэтгэврийн хэмжээнээс нь хэтэрсэнд цочирдсон ахмад настнууд газар дээрээ цус харван, амьсгал хурааж байсан тухай манай сонин мэдээлж байсан билээ.
Дээрх асуудлаас болж Болгарын Засгийн газар өнгөрөгч хоёрдугаар сард огцорч байсан удаатай.
Гэтэл Европтоо хамгийн ядуу ч Болгар улсын цалингийн доод хэмжээ нь 260 лев буюу 260 орчим мянга, дундаж тэтгэвэр 275 мянган төгрөг аж. Тэгвэл манай улсын цалин, тэтгэвэр хэд билээ дээ. Монголчууд бид цалин, тэтгэврээ өдөр тутмын амьдралдаа хүргэх гэж шар махтайгаа хатаж, хорвоогийн өдөр хоногийг арай ядан өнгөрөөх зуур гол хэрэглээ болсон цахилгаан, дулааны үнийг нэмчихэв.
Тэгэхдээ бүр болоогүй ээ, хэрэглэгчдийг үр ашигтай эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэхэд чиглэсэн үнийн шинэ зохицуулалтыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан гээд иргэдээ “хөөрхөн” молигодоод авна лээ.
Тэдний гаргасан шинэ зохицуулалтаар сардаа 150 кВт цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй өрхийн эрчим хүчний үнийг одоо мөрдөгдөж байгаа үнээр нь үлдээж, 79 төгрөг байхаар тогтсон гэнэ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулалтын газрын дарга С.Цэцгээ “150 кВт нь ахуйн хэрэглээний наад захын хэрэглээг бүрэн хангах хэмжээ. Смарт тоноглолуудыг авч хэрэглэлээ гэж бодоход дунджаар дөрвөн ам бүлтэй айлын хэрэгцээг бүрэн хангана. Тэгэхээр ахуйн хэрэглээнд дарамт өгөхгүй” гэж мэдэгджээ.
150 кВт-ыг 79 төгрөгөөр бодоход 11850 төгрөг хүртэл нэмэгдэхгүй гэсэн үг. Гэтэл сард ийм хэмжээний цахилгааны мөнгө төлдөг айл Монголд хэд билээ. Гэртээ байнга шахам байдаггүй, цахилгаан бараг хэрэглэдэггүй айл л ийм хэмжээний мөнгө төлж магадгүй. Бусад нь бол ёстой л “No” шүү дээ.
Харин 150-аас дээш кВт хэрэглэсэн айлууд “торгууль”-даа хамрагдаж, кВт тутамдаа 96 төгрөг тушаана. Жишээлбэл манайх гэдэг нэгэн өрхийг авч үзье. Манайх их хотынхоо утаанд нэмэр болохгүйн тулд цахилгаан халаагуур авч тавьсан олон айлын нэг. Гурван ам бүлтэй, хоёр зэрэг ажилладаг тулдаа өвлийн саруудад чадан ядан цахилгааныхаа мөнгийг төлдөг. Гэхдээ ихэнхдээ гэртээ байдаггүй, ажил, сургууль гэсээр орой болоход л халуун ам бүлээрээ цугларцгаадаг.
Манайх гэдэг өрх өнгөрсөн өвлийн ид хүйтэнд сард 217 мянга 610 төгрөгийг цахилгаан халаагуур, хэрэглээнийхээ төлбөрт төлжээ. Гэр хорооллын айл гэдэг утгаараа өдрийн цахилгаан нэг кВт нь 84, шөнийх нь 40 төгрөгөөр тооцогдоно.
Тухайн сард бид өдөртөө 1636, шөнөдөө 3423 кВт цахилгаан хэрэглэсэн байв. Ингээд НӨАТ-тайгаа нийлээд нийтдээ 306 мянга 528 төгрөг төлөх ёстой байсан ч шөнийн тоолуурын хөнгөлөлтөө эдлээд 220 орчим мянган төгрөг тушаасан.
Харин шинэ зохицуулалтаар манайх элдэв хөнгөлөлтгүй болж, шууд л торгуулийн салаа руу шилжинэ. Ингээд кВт нь 96 төгрөгөөр тооцвол яг ийм хэрэглээгээрээ 5059 кВт цахилгаандаа 485 мянга 664 төгрөг төлөх нь ээ. Шууд л цахилгааны төлбөр 2.2 дахин нэмэгдлээ гэсэн үг. НӨАТ орохгүйгээр шүү.
Өдөр хоногийг арай ядан аргацааж байгаа бидэнд болгарчуудаас ч дутахааргүй хүнд цохилт болохоор байгаа биз. Манайх шиг ийм цохилтод өртөх, магадгүй цахилгааныхаа мөнгийг сонсоод шууд цус харвах хүн олон бий.
Нялх нойтон хүүхэдтэй айл өрхүүд цахилгаанаа үр ашигтай хэрэглэж байна гээд хүйтэнд хөрж суухгүй нь лавтай. Хэмнээд хасаад ч цахилгааных нь хэрэглээ ингэж гарч байгаа айл өрхүүдийг Эрчим хүчний зохицуулах хорооныхон ийнхүү даажигнаж сууна.
Уг нь салбарын сайд нь өнгөрсөн хоёрдугаар сард “Үнэхээр үнэ нэмэх шаардлага байна уу үгүй юу гэдгийг судалж байна. Манай яамны зүгээс 2013 оныг Эрчим хүчний хэмнэлтийн жил болгон зарласан. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглаад, зардлаа бууруулж, эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр явах бололцоог судалж байна. Үүнийг боломжтой гэж бодож байна. Тийм учраас салбарын сайдын хувьд энэ онд эрчим хүчний үнийг нэмэхгүй байр суурьтай байгаа” хэмээж байсан. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо нь сайдынхаа хэлсний эсрэг ард түмнийхээ нуруун дээр ийнхүү ачаа нэмж орхилоо.
Гэхдээ энэ шийдвэрээсээ болж Болгар шиг Засгийн газар нь огцрох нь юу л бол.
Үргэлжлэл бий