Өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн наадмын мөнгөн медальт Отрядын Гүндэгмаагийн төрсөн өдөр тохиож байна. 1996 оны Атлантын Олимпийн наадмаас хойш 5 олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож Монгол түмнийхээ магнайг ямагт тэнийлгэсээр ирсэн тэрбээр Рио-2016 Олимпийн наадамд оролцох Монгол улсын баг тамирчдын анхны эрхийг эх орондоо авчирсан билээ.
Отрядын Гүндэгмаа 1978 оны 5-р сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн байна. Хийн гар бууны 10м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг. 1998 онд О.Гүндэгмаа Д.Мөнхбаяр, Д.Оюунтай хамт ДАШТ-ий багийн төрлөөс хүрэл медаль 2006 онд хувийн төрлөөр онд хүрэл медаль 2002 онд Азийн наадмын хувийн болон багийн төрлөөр 2006 онд хүрэл медаль хүртсэн.
Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай. 2005 онд Зүүн Азийн наадмын мөнгө, Ази-Африкийн наадмын хүрэл медальтай (2005). 1980 оноос хойш анх удаа Олимпоос мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчин болсон.
2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. 75-хан хоногийн дараа Рио-гийн тэнгэрт цуурайтах хүн төрөлхтөний эв нэгдлийн дээд баяр Олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаадаа амжилт хүсээд уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе. Их спортын тэнгэр нь ивээх болтугай.