Өнгөрөгч хоёрдугаар сараас жилийн 29.8 хувийн хүүтэй олгож байсан малчны зээлийг 18 хувийн хүүтэй олгож эхэлсэн. юм. Өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газраас баталсан “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкаар дамжуулан малчдад 10 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 22 гаруй мянган малчинд нийт 86 тэрбум төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгосон бөгөөд хүсэлт гаргасан нийт малчдын 95 хувьд зээл олгожээ.
Үүнтэй холбоотойгоор малчид, иргэдээс ямар шаардлага хангасан байх ёстой талаар ихээхэн асууж байгаа. Хүнс, хөдөө аж ахуй яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Жавхлангийн хэлснээр малчны зээлд хатуу шалгуур байхгүй аж. Тодруулбал, зээл хүсэгчид тавих хамгийн энгийн гурван шалгуурыг малчдад тавьж байгаа. Үүнд:
Нэгдүгээрт, Тухайн зээл хүсэгч малчин өөрийн нэр дээр “малчин данстай” байх, түүгээрээ гүйлгээ хийдэг байх ёстой. Өнөөдөр бүх малчин “малчин данс”-тай байгаа. Учир нь ноос ноолуур, арьс ширний урамшуулал уг дансаар дамждаг болсон. Энэ дансаар дамжуулж байгаа нь малчдын орлогын эх үүсвэрийг тодорхойлох боломжтой болж байгаа. Банк тухайн малчинд зээл олгохдоо орлогын эх үүсвэрийг чухалчилж хардаг. Тиймээс малчдын хувьд орлогыг тодорхойлох гол баримт нь “малчин данс” болдог.
Хоёрдугаарт, Малчдыг эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөг байх шаардлага тавьж байгаа. Шинэ хуулиар малчдад эрүүл мэнд, нийгмийн даатгал төлөх уян хатан боломжийг нээсэн. Сар бүр заавал нийгмийн даатгал төлөхгүйгээр жилдээ нэгээс хоёр удаа төлөх боломж юм. Малчны 10 сарын хөдөлмөрийг 12 сараар үнэлдэг болсон. Тэгэхээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь тухайн малчны ирээдүйд хэрэгтэй, иргэний үүргээ биелүүлж буй шаардлага юм. Мөн малчны зээл авахаас нэг сарын өмнө нийгмийн даатгал төлж эхэлсэн бол зээлийн шаардлагыг хангасан гэсэн үг юм. Байнгын ажилтай иргэд заавал зургаан сар тасралтгүй нийгмийн даатгал төлж цалин болон бусад зээлд хамрагдах боломж нээгддэг.
Гуравдугаарт, зээл хүсэгч нь малдаа тарилга туулга, угаалгыг технологийн хугацаанд хийлгэж байх шаардлага тавьж байгаа.
Дээрх үндсэн гурван шаардлагыг хангасан тохиолдолд 10 хувийн хүүтэй малчны зээлд хамрагдах бүрэн боломжтой ажээ.