Г.Шийлэгдамба авлига авч байгаад үйлдэл дээрээ АТГ-т баригдсанаас хойш зургаан сар 15 хоногийн дараа Эрүүл мэндийн яам сайдтай боллоо. Гэхдээ “сайдтай боллоо” гээд нэг их баярлаад сүйд болоод байх юм алга. Угаасаа л С.Ламбааг “сайд”-аар томилох гээд л зургаан сар гаруйн хугацаанд “гацаа хийчихсэн” юм шиг санагдаад байгаа юм.
Түүнээс МАХН-аас хуульд заасан хугацаа бүрт нь мэргэжлийн, салбартаа үнэлэгдсэн хүмүүсийг Эрүүл мэндийн сайдаар томилуулахаар өргөн мэдүүлсээр байсан. Гэвч нас, зүс царай, албан тушаал гэгчлэн олон шалтгаан тоочсоор байсны цаад шалтгаан нь С.Ламбаа л байж.
АН-ынхан “өртэй юм шиг” албан тушаалынхаа аль сайхныг барьж гүйдэг хэдэн хүмүүс байна. Д.Ганболд, С.Ламбаа, Б.Билэгт нар л даа. Тэдэнд АН л өртэй юм байгаа биз. Монголын ард түмэн өргүй шүү гээд хэлчихмээр. Улс орны аль л өнгөтэй, өөдтэй, эрх мэдэлтэй, унацтай салбаруудад АН засаглаж байгаа үед эдгээр эрхмүүд томилогдчихсон явах нь энгийн мэт.
Энэ л ёс жаягаар АН-ынхан унжиж, унжиж олон хүүхдийн амь насаар “туг тахиж” дуусаад С.Ламбааг сайдаар томилов. Ер нь С.Ламбаа л биш бол өөр хэнийг ч томилохгүй гэсэн янзтай л байж гэж харагдаад байгаа юм. АТГ-ын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Санхүүгийн Зохицуулах хорооны дарга, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга гээд л олон албан тушаалыг мөн л өөрсдийн “сайн сайхны төлөө” хадгалж, олон нийтийн эрх ашгийг зөрчсөөр байна.
Одоо “намдаа, намын дарга даа, бүлэгтээ, фракцдаа” үнэнчээ харуулсан хэн нэгнийг л эдгээр албан тушаалуудаар шагнаад явах байлгүй. Нэг сар ч бай, нэг өдөр ч бай тэдэнд хугацаа нь огтхон ч хамаагүй. Гол нь албан тушаал. “Албан тушаалд хүрэхийн тулд юу ч хийж, яаж ч чадах хүмүүсийн нэгдлийг Ардчилсан нам гэнэ ээ” гэх тодорхойлолт хэлж болохоор.
За тэгвэл АН санасандаа хүрч, С.Ламбаа Эрүүл мэнд, спортын сайд боллоо. Одоо яах вэ. Сонгууль болоход нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хугацаанд Эрүүл мэндийн салбарт дорвитой зүйл хийж шалихгүй биз. Дөрвөн жилд багаддаг улс төрчдөд, 40 хоног багадахаар барах уу. Тэгэхээр С.Ламбаа намын даалгавартай л энэ албан тушаалд томилогдсон байж таарах нь. Чухам тэр даалгавар нь юу вэ.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Сонгуулиас нэг сарын өмнө С.Ламбааг сайдаар томилж байгаа нь зорилготой гэж харж байна. Эрүүл мэндийн салбар том учраас олон мянган хүний хүчийг сонгуульд ашиглах “үүрэг даалгавар” авсан байж болзошгүй. Одоо салбарт халаа сэлгээ хийгдэнэ. Үүнийг С.Ламбаа гардан хэрэгжүүлэх үү. Ганц сарын хугацаанд яг юу хийх вэ” гэсэн асуулт тавьсан. Асуултанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Би нэр дэвшихгүй. Тиймээс сонгууль надад хамаагүй. Өмнө нь сайд байхдаа хийж байсан ажлаа үргэлжлүүлнэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийн дагуу журмуудыг яаралтай боловсруулна, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зорилт тавьж ажиллана” гэсэн хариултыг өгсөн юм.
Өөрөөр хэлбэл С.Ламбаа сарын хугацаанд “дорвитой ажил хийж чадахгүй” өөрөө хүлээн зөвшөөрч, хоёр гурван хуулийн төсөл дээр ажиллахаа хэллээ. Гэтэл зургаан сар гаруйн хугацаанд сайдгүй байсан яаманд шийдвэрлэх асуудал мундахгүй л баймаар.
Эх сурвалж:Үндэстэн. мн