АН-ынхан оффшор данстай холбоотой мэдээллийг хөөсрүүлж буй. Энэ нь ч цаанаа эрх ашигтай. Иргэдийн дунд шалдаа буутлаа уначихаад байгаа нэр хүндээ МАН-ын оффшорчдыг муулж, АН-ын лидер болох С.Баярцогтоор туг тахин байж эргүүлэхийг оролдож байна. УИХ-ын дарга З.Энхболд “АН-д оффшор данстай ганцхан хүн бий” гээд бараг бахархах нь холгүй яриад сууж байх жишээтэй.
МАН-д бол Ерөнхий сайд асан, Засгийн газарт ажиллаж байсан, компанийн захирлуудын нэрс оффшор данстай холбогдож байгааг АН-ынхан ихэд олзуурхаж, “сонгуулийн өгөөш” хэмээн сэтгэсэн бололтой. Даанч үүний эсрэг АН-ын Х.Баттулга тэргүүтэй гишүүдийг оффшор дансны асуудлыг МАН-ын залуус “босгож” ирэв. Сонгууль дөхсөнийг хэлэх үү, зарим “хийтэй” гишүүд оффшор данс судлагч болтлоо “халуурч” явна.
“Энэ боломжийг ашиглаад” гэж залуус хоорондоо наргидаг шиг гадаадад данстай, үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглосон хуулийн төслийг хүртэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа боловсруулаад амжжээ. Мэдээж уг хуулийн төсөл нь энэ парламентын үед батлагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ л гадаадад данстай улстөрчдийн эсрэг тэмцсэн эх оронч гишүүний дүрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад авна гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан оффшор данстай улстөрчдийн бузар булхайг илчилнэ гэж “ууртай” мэдэгдлүүдээ хийж эхлэв.
Арга ч үгүй биз, АН-ын дарга З.Энхболд “оффшор данстай С.Баярцогт гишүүнийг нэр дэвшүүлэхгүй” гэж Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг нь зөрчин байж мэдэгдлээ. Түүнд намын нэр хүнд өсч, сонгуульд ялах нь чухал болохоос жинхэнээсээ оффшорчидтой тэмцэх хүсэл зориг үгүй гэдэг нь илт. АН-ын дарга З.Энхболдын Үндсэн хуулиас давсан шийдвэрийн дараа Сэлэнгийнхэн С.Баярцогтыг өмөөрсөн мэдэгдэл гаргажээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Аливаа иргэнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байхад эрхийг нь хасах асуудлыг ярьдаг. Өнөөдөр оффшор дансны хувьцаа эзэмшигч тул нэр дэвшүүлэхгүй байх ёстой гэсэн заалт хаана ч байхгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний бүлгийн дарга чухам үнэнийг цөөн үгээр хэлж. Тэгвэл АН-ын урдаа барьдаг хуульчдын нэг Х.Тэмүүжин намын даргынхаа оффшор данстай холбоотой мэдэгдлийн талаар “Данс нээх нь татвараас зугтаасан нууц үйл ажиллагаа, хувьцаа эзэмших нь ил тод бизнесийн процесс.
Гэхдээ ардчилсан улс орны хувьд хэн нэгэн албан тушаалтан “Ийм хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэх нь зохимжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна. Сонгох эсэх эрх нь ард түмэнд бий. Сонгох, сонгогдох нь Үндсэн хуулийн зарчим. Оффшортой гээд сонгогдох эрхэд халдах нь дарангуйлалын өнгө аяс харагдаж байна” гэжээ. Харин АН-ынхан намдаа оноо цуглуулахаар шударга эх орончийн дүр эсгэсэн ч АН-ын оффшорчид ар араасаа илэрч, З.Энхболдыг ацан шалаанд оруулах нь.
Өөрөөр хэлбэл З.Энхболдын оффшор ажиллагаа явцгүй болжээ.
Эх сурвалж:Үндэстэн.мн